ТОМИЛОЛТ:  3.2 тэрбум долларын татварын орлогыг Монголд оруулах ураны төслийг хөдөлгөх эсэх нь биднээс шалтгаална

ТОМИЛОЛТ: 3.2 тэрбум долларын татварын орлогыг Монголд оруулах ураны төслийг хөдөлгөх эсэх нь биднээс шалтгаална

Францын Ерөнхийлөгч Э.Макрон өнгөрсөн тавдугаар сард /2023.05.20/ манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн улсад айлчлахыг урьсан. Урилгын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-ны өдөр /2023.10.10-14/ тус улсад төрийн айлчлал хийгээд ирлээ.

ВИДЕО: 

-МОНГОЛ, ФРАНЦ УЛС НЬ ЭНЭ ОНД ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТҮВШНИЙ АНХНЫ АЙЛЧЛАЛЫГ ХАРИЛЦАН ХИЙЛЭЭ-

Монгол, Францын хооронд энэ онд төрийн тэргүүний түвшний анхны айлчлалыг харилцан хийж байгаа нь гадаад харилцааны хувьд хоёр улсын онцгой эрхт түншлэлийг бататгах, стратегийн түвшинд хүргэх зорилготой гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ ч үүднээс Франц Улс нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалд ихээхэн ач холбогдол өгч ажиллалаа. Франц бол жилд хоёроос илүү төрийн айлчлал зохион байгуулдаггүй орон. Энэ жил Английн хаан III Чарльз болон манай Ерөнхийлөгчийг төрийн айлчлалын хүрээнд хүлээн авснаас дүгнэхэд саяын айлчлалд айлын тал хэр ач холбогдол өгснийг илтгэж байна. Тиймээс айлчлалын чухал элемент болох оройн зоогийг Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай Ерөнхийлөгчтэй зооглосон юм. 

Монгол Улс бол нээлттэй, олон тулгуурт бие даасан гадаад бодлоготой. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн айлчлал нь гурав дахь хөрштэй харилцах харилцааг өргөтгөх, Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг илтгэсэн үйл явдал боллоо. Үр дүнд нь Монгол-Францын харилцаа хоёр талын урсгалтай ч боллоо. 

-65.1 МЯНГАН ОЛБОРЛОХ НӨӨЦТЭЙ ЗӨӨВЧ-ОВОО ОРДОД УУСГАН БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИОР УРАН ОЛБОРЛОНО-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаас хэд, хэдэн төслийг онцолж болох юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Энэ нь Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордод Францын “Орано групп (хуучнаар Арева)” болон Монголын "Мон-Атом" компанийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бадрах Энержи” компанийн уран олборлох төсөл юм. Зөөвч-Овоо орд нь 93.2 мянга гаруй тонн ураны геологийн нөөцтэй түүнээс 73.5 мянган тонн үйлдвэрлэлийн нөөц, 65.1 мянган олборлох нөөцтэй гэж тогтоогджээ.  

Франц улсад одоогоор нийт 56 реактор бүхий 18 атомын цахилгаан станц бий. Францын эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн 68 хувийг цөмийн эрчим хүч, 11 хувийг усан цахилгаан станц, 7 хувийг салхи, 14 хувийг бусад эзэлдэг байна. Орано групп нь Канад, Нигер, Казахстан, Монгол, Намбиа, Узбекистан зэрэг дэлхийн 17 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн ураны топ гурван компанийн нэг бөгөөд 17 мянган ажилтантай. Тус компани нь Монгол Улсад 26 жил тасралтгүй хайгуул хийсэн бөгөөд Монгол дахь охин компани болох Бадрах Энержи ХХК-иараа  Зөөвч-Овоо ордод газрын доор уусган олборлох технологиор уран олборлох  юм.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.6 тэрбум доллар байгаагаас анхны хөрөнгө оруулалт 2024-2027 онд 367 сая, ашиглалтын үеийн хөрөнгө оруулалт 2028-2060 он хүртэл 1.2 тэрбум байхаар тооцжээ. Төслийн үйл ажиллагааг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд бүрэн хүчин чадлаараа 2032 оноос харин нөхөн сэргээлтийг 2061-2070 он гэж тооцсон байна. Энэ хугацаанд 700 гаруй ажлын байрыг бий болгоно. Энэ утгаараа тус төсөл нь Оюутолгой төслийн дараа орох том төсөл гэж талууд онцолж буй.

-ТАЛУУД ДАРААХ НӨХЦӨЛД ТОХИРЧЭЭ-

Хэлэлцээний протколоор талууд дараах нөхцлийг урьдчилан зөвшилцсөн.

  • НЭГД, Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10 хувийн дараах давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмших. Үүнд, ашигт ажиллагаанаас үл хамааран төслийн хугацаанд урьдчилан тогтоосон нөхцлөөр давуу эрхтэй ногдол ашиг авах, төсөл хэрэгжүүлэгч компанийн дүрэм, хувь эзэмшилд өөрчлөлт орох зэрэг асуудлаар хориг тавих онцгой эрхтэй байх.
  • ХОЁРТ, АМНАТ нь 5 хувь, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ын нэмэлт 5 хувиар нэмж орлуулах, өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 19 хүртэл хувиар тооцох, Монгол Улсад хэрэгжиж буй татварын хууль, эрх зүйн орчноос давсан аливаа давуу хөнгөлөлт, дэмжлэг, таатай орчинг үзүүлэхгүй. OECD-н  BEPS-н  журмыг мөрдлөг болгох Arm,s length principle –харилцан хамаарал бүхий талуудын гүйлгээний үнэ, нөхцлүүдийг бодит үнээр тодорхойлох.
  • ГУРАВТ, Дорноговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээний дагуу төслийн уурхайн ашиглалтын үйл ажиллагааны үе шатанд жилд нэг сая долларын хөрөнгө оруулах, төсөл хэрэгжиж эхэлснээр 700 гаруй ажлын байр шинээр бий болгох, ажилтнуудыг гэр бүлийн хамт тус аймагт шилжин суурьшихыг дэмжих.
  • ДӨРӨВТ, худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банкаар гүйцэтгэх, бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк эсхүл Монгол Улсад бүртгэлтэй гадаад улсын банкны салбараар дамжуулан хийх талаар урьдчилан тохиролцсон байна.

-4.3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЦЭВЭР АШИГТАЙ ТӨСЛӨӨС МАНАЙ УЛС 3.2 ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ТАТВАРЫН ОРЛОГО ХЭЛБЭРЭЭР АВНА -

Төслийн эдийн засгийн тооцооллыг хийхдээ ураны үнэ фунт тутамд 64-74 ам доллар байхад АМНАТ хэлбэрээр нийт 1.5 тэрум доллар, цэвэр ашиг 4.3 тэрбум доллар, 10 хувь давуу эрхийн хувьцааны ногдол ашигт 400 орчим сая доллар, манайд ногдох татварын орлого нийт 3.2 тэрбум доллар байна гэж тооцжээ.

Ажлын хэсгүүд 2024 он гэхэд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бөгөөд 2027 бүрэн хэмжээгээр ажиллуулна гэжээ. Эхний ээлжинд намын бүлгээр хэлэлцүүлж дэмжүүлсэн бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргана.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Монгол Улсын соёлын элч Морин хуурын чуулга  Версалийн хааны ордны дуурийн театрт хүндэтгэлийн тоглолтоо хийсэн бол Нант хотод “Чингис хааны монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэлгэсэн юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулахад Францын Ерөнхийлөгч Э.Макрон ихээхэн ач холбогдол өгснийг албаныхан хэлж байлаа. Ташрамд дурдахад, Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элсэж, Монгол Улс, Франц Улс 1965 оны дөрөвдүгээр сард дипломат харилцаа тогтоосон. Улмаар 1966 оноос Элчин сайдын яамдаа харилцан нээж эхэлсэн. Үндсэндээ Монгол, Францын харилцаа бол нэгэн жарны том түүх билээ.