Б.Энхбаяр: Шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг ч хүнийг баривчилж, цагдан хорихгүй

Б.Энхбаяр: Шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг ч хүнийг баривчилж, цагдан хорихгүй

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд авлигатай эвлэрэхгүй бөгөөд авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгахаар УИХ-д нэн яаралтай горимоор хуулийн төслийг өргөн барьсан, батлагдсан. Ингэснээр улстөрд нөлөө бүхий этгээдийн авлига албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй, хээл хахууль авах гэмт хэрэг үйлдвэл бүх насаар нь хорих хүртэл ял шийтгэнэ, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй гэдэг хууль батлагдсан. Энэ асуудал үргэлжилж өнөөдрийн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. 

Энэ хуульд бүх төрлийн авлига албан тушаалын гэмт хэргээр хорих ял эдэлж байгаа гэмт хэрэгтэнг хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй гэдэг төслийг оруулсан.

Энэ хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар "Хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно" гэж заасан. Өнгөрсөн онд Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан шинжээчид манай улсад ажилласан.Эдгээр шинжээчид "Шүүхээс гадуурх баривчилгаа 98 хувьтай байна" гэдэг ноцтой дүгнэлт гаргасан. Монгол Улс хүний эрхийн асар их зөрчилтэй орон гэдэг ойлголт олон улсад түгсэн. Бид энэ асуудалд ажил хэрэгч бөгөөд нухацтай хандсан. НҮБ-аас өгсөн зөвлөмж үнэн бодит эсэхэд судалгаа хийж үзэхэд хэд, хэдэн хуульзүйн асуудал нөлөөлж байна гэж үзсэн. Шүүхийн зөвшөөрөлгүйгээр хийгддэг хойшлуулашгүй баривчилгаа манай улсын Эрүүгийн хуулиар 48 цаг гэж байдаг. Энэ цагт саатуулагдаж байгаа тохиолдолд эргээд шүүхээр орж баталгаажиж байна уу гэдэг асуудал бий. Ингээд аваад үзэхэд шүүхээр орж баталгаажиж байгаа тохиолдол бага байсан. Хойшлуулашгүй ажиллагаа буюу хүний эрхэнд шүүхийн хяналтгүйгээр халдаж баривчилдаг, цагдан хорьдог асуудалтай холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд бүхэлд нь авч үзсэн цогц өөрчлөлтийг авч үзэх гэж байна.  Сүүлийн найман жилийн хугацаанд манай улсад 150 мянга 500 хүнийг эдгээр гэмт хэрэгт холбогдуулж шалгасан байна. Энэ хүний есөн хувь гаруй нь хойшлуулашгүй ажиллагаагаар баривчлагдсан байна. Сүүлийн үед цагдан хорио багассан. Бид энэ хуулиар цагдан хорих үндэслэлийг тодорхой болгох гэж байна. Шүүхээс гадуурх хяналтгүй цагдан хориог болиулна. Шүүхээс гадна нэг ч ийм үйлдэл гарахгүй болно. Мөн цагдан хорих байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байдлыг тус хуулиар хязгаарлах гэж байна" гэлээ. 

ҮЗЭХ