Сонсогч, суралцагчид Гүнжийн хоолойд 10 мянга 650 ширхэг навчит мод тарьжээ

Сонсогч, суралцагчид Гүнжийн хоолойд 10 мянга 650 ширхэг навчит мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон нэгдэж,  Гүнжийн хоолой дахь Их сургуулийн Сургалт, дадлагын төвийг ойжуулах ландшафтын зураг, төлөвлөгөөг боловсруулан мод тарих аяныг жил бүрийн намар, хаврын улиралд зохион байгуулдаг аж.

Энэ намрын “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийг тохиолдуулан 2023 оны аравдугаар сарын 14, 17-ны өдрүүдэд 40 албан хаагч 400 гаруй сонсогч, суралцагчид Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвд агч, улиас, хайлаас, бургас зэрэг нийт 10 мянга 650 ширхэг навчит мод тариалж, усалгаа арчилгаа хийсэн байна. Мөн өмнөх жилүүдэд тарьсан 40 мянга гаруй модыг  бордож, намрын цэнэг усалгааг хийжээ. Одоогийн байдлаар Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвд тарьсан моднууд хөрсөндөө дасан зохицож, хэвийн ургаж байна.

Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой билээ.