АН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 20.3 их наядыг юунд зарцуулснаа тодорхой болго

АН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 20.3 их наядыг юунд зарцуулснаа тодорхой болго

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Э.Уртнасан, Дэд дарга П.Батчимэг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Оюунчулуун, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар мэдээлэл хийж байна.

ҮЗЭХ: 

Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: -Монгол Улсыг гадаад, дотоодод яаж сүйрүүлж байгааг илтгэх хэд, хэдэн тоо мэдээллийг бид дахин сануулж байна. ЖДҮ-ийн асуудал, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал хэдэн саяас халиад хэдэн их наядаар яригддаг боллоо.  Нүүрсний хулгай, ЖДҮ-тэй холбоотой асуудалд төрийн алба хаагчид, эрх баригчдын хэн хариуцлага хүлээсэн бэ. 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн ковид дэгдэж нийт 20.3 их наядын мөнгөн дүн төсөвлөсөн байна. Түүний 5.1 их наядыг улсын төсвөөс баталсан, 10 их наядыг Л.Оюун-Эрдэнэ төсөвлөсөн Эрдэнэт үйлдвэрээс 1 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд, гадаадын зээл тусламжаар 3 их наяд гэх мэтчилэн авсан байдаг. Гэхдээ энэ их мөнгө яг юунд зарцуулагдсан бэ.

Тодруулбал, та бидний 200.000 айлын орон сууцыг барих мөнгө яг хаашаа орчихсон бэ. Үүнд хариулт өгөхийг шаардаж байна.

Зөвхөн нэг төрийн албан хаагчийн өрөөнийх нь сейфэнд нэг аймгийн төсөв байдаг. Ийм байж болох уу. Тэд хээл хахууль, авлигыг илчилнэ гэдэг уриа лоозонгоо ярьсаар байна. Нэг Монгол хүн 30 сая төгрөгийн өртэй байна. Үүнтэй холбоотой Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Эрх баригчдад шорон, хууль хяналтын байгууллага, мөнгө нь байна. Гэтэл түүнийгээ иргэд олон нийтийн сайн сайхан руу биш үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна. Сүүлийн гурван жилийн турш сошиалыг хаах гэж оролдож байна. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж авах эрхтэй. Энэ бол Ардчилсан засаглал бүхий улсын онцлог юм. Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил хорих ял авсан. Би иргэнийхээ, сөрөг хүчнийхээ хувьд дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй. Авлига авсан, өгсөн нь аль аль нь хариуцлага хүлээдэг хууль манайд бий. Гэтэл дамжуулсан гэсэн зүйл заалт байдаггүй.

Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг: -Ардчилсан намаас “Өрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд эхлүүлж эд өрнөлтийн байдалтай явж байна. Засгийн газраас "Монгол Улсын эдийн засаг өсч байна. Уул уурхайгаас авч буй ашиг нэмэгдэж байгаа" талаар онцолдог ч бодит байдал дээр иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байна. 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: -Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн эрх ард түмний мэдэлд байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дамжуулан иргэд тэрхүү эрхээ эдэлдэг. Харамсалтай нь өнөөдөр иргэд төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргах түвшинд эрхээ эдлэх боломжгүй болж байна. УИХ-ын чуулганаар сонгуультай холбоотой заалтад өөрчлөлт оруулахаар эрх баригч МАН хуулийн төсөл оруулж ирж байна. Сонгууль болохоос жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэж заасан байдаг. Энэ хуулийг өөрчлөх саналыг хойшлуулан хуулийн хулгай УИХ дээр орж ирж байна. Монгол Улсын Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах байгууллага ард түмний эрх рүү шууд халдаж байна. Энэ бол Улаанбаатар хотын 1 сая гаруй иргэний эрх рүү шууд халдсан үзэгдэл юм. Томилогдсон хотын дарга нь НИТХ-д ажлын төлөвлөгөөгөө танилцуулах байтал эсрэгээрээ ЗГ, Ерөнхий сайддаа танилцуулж байна.. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүхэнд байгаагүй хамгийн их эрх мэдэлтэй сайд боллоо. Бүх томилгоог Ерөнхий сайд хийж байна. Засгийн эрх ард түмний мэдэлд байна. Хотын Засаг даргаар Д.Сумъяабазарыг Ерөнхий сайд томилсон тухай үед нийслэлчүүд нийтээрээ дургүйцсэн мөн адил үйлдэл хоёрдахь удаагаа давтагдлаа. Нийслэлчүүд бид хотын даргаа өөрсдөө сонгодог хуулийн тогтолцоо руу шийлжих ёстой. Бид үүнл хатуу байр сууриа илэрхийлэх болно.