С.Бямбацогт: Ойрын хугацаанд таван төмөр замаар БНХАУ-тай холбогдох боломж нээгдлээ

С.Бямбацогт: Ойрын хугацаанд таван төмөр замаар БНХАУ-тай холбогдох боломж нээгдлээ

iSee.mn сайт БНХАУ-ын Бээжин хотоос мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. 

Тэрбээр дөнгөж сая БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Тус уулзалтад Хятадын коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, Гадаад харилцааны хорооны ажлын албаны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нарын хүмүүс оролцсон. 

Энэ талаар Зам тээврийн сайд С.Бямбацогт дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр " Өнөөдөр БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой гарын үсэг зурлаа. Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж эрчимжүүлэхээр боллоо. Уг ажлыг хэрэгжүүлснээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон баруун босоо чиглэлийн төмөр замтай болох юм. ОХУ-аас чиглэсэн Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлд төмөр замтай болж БНХАУ-ын Сэхээ боомттой холбоно. Үүгээр жилдээ 10-20 сая тонн ачаа тээвэрлэх, экспортын нүүрс гаргах боломжтой. Цаашид транзит тээвэр хийх бололцоотой болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпины санаачилсан "Бүс ба зам" санаачлагад Монгол Улс нэгдэн орсон. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Замын-Үүд-Эрээн гэсэн ганц төмөр замаар холбогдож байсан. Тэгвэл ойрын хугацаанд таван төмөр замаар БНХАУ-тай холбогдох бололцоотой юм.

Зөвхөн Гашуунсухайт-Ганцмодны төмөр замаар жилдээ 50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болно. Өнөөдөр гэхэд бид дээд амжилтаа тогтоох гэж байна. Автозам, төмөр зам нийлсэн бүх боомтоор 50 сая тонн ачаа тээвэрлэж буй бол ганцхан төмөр замаар ийм хэмжээний ачаа тээвэрлэх боломжтой болно.

Цаашид 100 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм. Энэ бол дээрх санаачлагад нэгдэн орсны үр дүн. Мөн Ази-Европ-ОХУ-БНХАУ-ыг холбосон Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан төмөр замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ОХУ, БНХАУ, Монгол Улс хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Эдийн засгийн том коридортой болно. Зүүн талдаа Бичигт-Зүүнхатавчаас эхлээд Чойбалсан-Эрээнзав гэсэн зүүн босоо төмөр замыг барьж байгуулна. Өөрөөр хэлбэл, зүүн талдаа зүүн босоо төмөр зам, баруун талдаа баруун босоо төмөр зам гэсэн гурван төмөр замыг Ази-Европ-ОХУ,-БНХАУ-ыг холбоно" гэлээ.