БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан тухайлсан нэг асуудлаар 200 мянган хүн өргөдөл гарсан тохиолдол тус улсын ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг нэгэн харилцаа Солонгост байдаг. Тухайлбал, 13 настай Монгол охин Өмнөд солонгосын хүүхдүүдэд хүчирхийлүүлсэн хэрэг 2021 онд гарч, улмаар тус улсын 232 мянган иргэн цахимаар өргөдөл гаргаж, үүнийг нь БНСУ-ын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авч байсан.
-БНСУ-Д “АНХААРАЛДАА АВАХ” ХЭМЖЭЭНД Л ХЭРЭГЛЭДЭГ САНАЛЫН СИСТЕМИЙГ Г.ЗАНДАНШАТАР ТӨРИЙН БОДЛОГО ГАРГАХ ХЭМЖЭЭНД ХҮРГЭЖ “ХУУЛЖЭЭ”-
Тэгвэл энэхүү өргөдлийг системийг УИХ-ын дарга Г.Занданшатар хууль тогтоох тогтолцоож, төрийн бодлого гаргах түвшинд болгон “хуулж”, татвар, гэмт хэрэг, ногдол ашиг, нийгмийн халамж зэрэг асуудлаар иргэдээс санал авч “гаргасан саналыг нь 100 мянган хүн дэмжвэл хууль болгохоор хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн нь ёстой л “төрөөр тоглоно” гээч болоод байна.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Petition.parliament.mn систем нь иргэдийн саналыг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэхэд чухал үр дүнтэй. 100 мянган иргэн саналаа өгсөн хуулийг авч хэлэлцэн хэрэгжүүлж батална” гэж мэдэгдсэн юм. Ингээд Г.Занданшатар дарга өөрөө НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу? гэсэн асуулгыг байршуулсан нь өдгөө 100 гаруй мянган хүний санал авч дэмжигдээд байна. Харин өөр бусад иргэд, “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувь болгон бууруулах”, “Монгол Улсын нийт иргэдэд Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааг 51-ээс дээш хувийг өмчлүүлж, хувь эзэмшүүлэх”, “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50 мянган төгрөгийг нэмэхийг та дэмжиж байна уу”, “318 тэрбум төгрөгийн дүнтэй автобусны худалдан авалтыг шалгуулъя” зэргээр гэмт хэрэг, халамж гээд “популизм” нь дэндсэн асуулгуудыг petition.parliament.mn байршуулж, иргэдээс санал авч эхлээд байна.
Товчхондоо, БНСУ-ын ерөнхийлөгчийн “анхааралдаа авах түвшинд” л хэрэглэдэг саналын системийг УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн бодлого гаргах түвшинд хүртэл нь “хуулж”, хууль тогтоох хэмжээнд хэрэглэж эхэлсэн нь нийгмийн тогтолцоог ч сүйд хийж магадгүй байна. Учир нь олон нийтээс асууж болдог, асууж болдоггүй төрийн асуулт гэж бий.
Харин Г.Занданшатар дарга бүх асуултаа “нээлттэй” орхисноор үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй асуултууд байршиж, сонгууль ойртсон энэ үед УИХ-ын гишүүд хэлэлцэж батлахаас өөр гарцгүй болгож магадгүй болгоод байна. Цаашилбал, зарим гэмт хэрэг олон нийтийн санал асуулгаар шалгагдаж, нийтээр татвар төлөхөөс зайлс хийж, цаазын ялыг сэргээе гэсэн санал ч хурааж болзошгүй байна.
-БҮГДИЙГ ИРГЭДЭЭС АСУУЖ, УЛСАА ДАМПУУРУУЛСАН “САЙН УУ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ” ХЭМЭЭХ УГО ЧАВЕСЫН НЭВТРҮҮЛГИЙГ Г.ЗАНДАНШАТАР ДАРГА МОНГОЛЧИЛЖ БАЙНА УУ-
Тэгвэл олон нийтээс төрийн бүх бодлогоо асууж, популизм хийн улсаа хэрхэн дампууруулж болдгийг Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавес түүхэнд харуулсан. Тодруулбал, Уго Чавес 1999 оноос эхлэн 2012 оныг хүртэл нийт 13 жилийн хугацаанд Ням гараг бүрийн 11 цагт "Alo Presidente" буюу "Сайн байна уу, Ерөнхийлөгч өө" нэртэй шууд ярилцлагын нэвтрүүлгийг өөрөө хөтлөн явуулж иргэдийн сонирхсон асуултад хариулж, сайд нарынхаа ажлын тайланг сонсдог байсан юм. Уго Чавесын “Сайн байна уу, Ерөнхийлөгч өө" шууд нэвтрүүлэгт Венесуэлчүүд эхлээд гомдлоо илэрхийлж, түүнтэй улс төрийн асуудлаар ярилцдаг байсан бол, цаг хугацаа өнгөрөх хэрээр Уга Чавес тус нэвтрүүлэгтээ багш, байцаагч, хууль тогтоогчийн үүргийг гүйцэтгэж, “асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг” болсон.
Харин Венесуэлийн иргэд Уго Чавестай шууд нэвтрүүлгээр нь холбогдож, “цалингийн доод хэмжээг нэмэгдүүл, гаднын хөрөнгө оруулагчдыг хөөж гарга, үйлдвэрлэл, үйлчилгээг нийгэмчил” зэргээр хүссэн бүхнээ хэлдэг, хүсдэг болсон гэдэг.
ВИДЕО: Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавесын "Сайн байна уу? Ерөнхийлөгч өө" нэвтрүүлгийн хэсгээс
Эцэст нь Венесуэл улсад хувийн хэвшил бүрэн нурж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, инфляц нь 90 мянган хувьд хүрч, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэн цаас болон хувирч, эдийн засгийн хямрал туйлдаа хүрсэн гэдэг. Харин Уго Чавес “усаа хэмнэж, шүршүүрт орохдоо дуулахгүй байцгаая” гэх мэтийн хэмнэлтэд чиглэсэн хууль санаачилж, “Сайн байна уу, Ерөнхийлөгч өө” хэмээх нэвтрүүлгээрээ элдэв юмыг хамж, шимж ярьдаг ажилтай болсноор удирдагчийн сүүлчийн өдрүүдээ дуусгасан гэдэг. Харин өдгөө 32 сая гаруй хүн амтай Венесуэл улсын олон сая хүн төрлөх нутгаа орхин дүрвээд байна.
Гэтэл хачирхалтай нь, ЗХУ-ын их сургуулийг анх “санхүү-зээлийн эдийн засагч” мэргэжлээр төгсөж, дараа нь Нидерландын Маастрихтын их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцаж дүүргээд, сүүлд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөхийн албыг хаших болсон УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн хамгийн муу удирдагч Уго Чавесын муу түүхийг парламентын засаглалтай Ардчилсан Монгол Улсад хэрэгжүүлж, “улсаараа тоглох” гээд байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.