Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.