"Эздийн холбоо, МСБХ-ны үл ойлголцлын золиосонд хэлмэгдэж байна" гэж иргэн Ч.Ижилболд мэдэгдэл гаргажээ

"Эздийн холбоо, МСБХ-ны үл ойлголцлын золиосонд хэлмэгдэж байна" гэж иргэн Ч.Ижилболд мэдэгдэл гаргажээ

Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-ноос Сагсан бөмбөгийн Эздийн холбоог хамтран ажиллах гэрээг зөрчиж тамирчин, тоглогчдын эрх ашгийг хохироосон хэмээн 2026 он хүртэлх хугацаанд хамтран ажиллахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн. 

Мөн нэр бүхий хүмүүсийн МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хасахаар шийдвэрлэсэн. Тэгвэл МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан Чимэгдоржийн Ижилболд гэх иргэн өөрийн facebook хуудастаа мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр, "Эздийн холбоо, МСБХ хоорондын үл ойлголцлын золиосонд би хэлмэгдэж байна" гэжээ. 

Иргэн Ч.Ижилболдын мэдэгдэлдээ: 

Намайг “МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хассугай” гэсэн тогтоол гарлаа. Байдал нэгэнт ийм болсон бол би үгээ хэлэх ч эрхтэй, үндэслэлээ мэдэх ч эрхтэй.

  1. Би Багийн эздийн холбооны гишүүн биш. Би өнөөг хүртэл улс орныхоо сагсан бөмбөгийн төлөө л тууштай ажиллаж, зүтгэж ирсэн. Гэтэл би ямар үндэслэлээр 3 жилээр эрхээ хасуулах ёстой юм? Эздийн холбоо, МСБХ хоорондын үл ойлголцлын золиосонд би яагаад хэлмэгдэх ёстой юм? Мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хүн яагаад хохирох ёстой юм?
  2. Энэ бүх хугацаанд би, манай сагсан бөмбөгийн хөгжилд хор уршиг учруулахуйц ямарваа ил далд яриа талцалд орох байтугай түүнд ач холбогдол ч өгч байсангүй, тэр тухайд нийгмийн сүлжээ зэрэгт үзэл бодлоо илэрхийлж, аль нэг талыг барьж туйлширч байсангүй. Энэ бүх өрнөсөн үйл явдал нь миний  эрх мэдэл, ажил албанд үл хамаарах зүйл. 
  3. Манай багийн захирал буюу эзэн нь надаас өмнө багаа хариуцаад ирсэн, өөрийн үзэл бодол, байр суурьтай хүн. Би багийн захирал буюу эзний эрх мэдэлд оролцох, чиглүүлэх үүрэг ч байхгүй, харилцааны тийм хэм хэмжээ ч бидэнд байхгүй.
  4. Тиймээс би саяын, Холбоонд клүбүүдийн эздийн өргөн мэдүүлсэн бичиг зэргийг хэлэлцэх ямарваа үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд миний оролцох түвшний ажил ч биш. 
  5. Би баг хамт олонтойгоо байж, өнөөг хүртэл зүтгэж ирсэн ажлаа л хиймээр байна. Холбооны шийдвэрээр бол би гадаадад мэргэжлээрээ ажиллахаас өөр сонголтгүй үлдлээ. Гэтэл би олон жил гадаадын их сургуульд сурсан сагсан бөмбөгийн мэдлэг боловсролоо улс эх орондоо зориулах эрхэм үүрэг, чин эрмэлзэлтэй хүн. Эх орондоо ажиллаж амьдрах ямар их тансаглал вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн байна. Үүний тулд,
  6. Би Холбооноос дараах зүйлийг шаардаж байна. Үүнд:
  • Би 3 жилээр эрхээ хасуулсан шалтгаан үндэслэлээ сонсох эрхтэй.
  • Би эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандана. Эцсээ хүртэл явна. Тэмцлийн бүхий л арга хэлбэрийг хэрэглэнэ.
  • Би Холбооны офисын өмнө суулт хийнэ. Хэвлэл мэдээлэл, холбогдох бүхий л байгууллагад хандана. Миний шаардлагад 11 сарын 3- ны баасан гаригийн 12 цагаас өмнө албан ёсоор хариу өгөхгүй бол би өлсгөлөн зарлана.
  • Миний сагсан бөмбөгийн үйл ажиллагаанд дарангуйлагчийн авир үйлдлээр балмадаар халдаж, шалтгаангүйгээр олон жилээр эрх хассан үйлдлийг цуцлуулах хүртэл би тэмцэнэ.
  • Би хэн нэгэн этгээд, бүлэглэлийн явуулгад өртөж, хохирч үлдэхгүй. 
  • Би Хүний эрхийн байгууллагууд, Азийн сагсан бөмбөгийн холбоо, Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсоор хандана.

Харин энэ талаар МСБХ-ноос хариу мэдээлэл хийгээгүй байна. Сонирхуулахад, иргэн Ч.Ижилболд нь Би Си Эйч Гарьд багийн эзэн бололтой. 




Өнөөдөр гахай өдөр

54 минутын өмнө