2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ

2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ

Улсын Онцгой комиссын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зургаадугаар тушаалаар Улсын Онцгой комисс Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчны мэдээлэл судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцыг хянах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.


Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зуншлагын байдал, бэлчээрийн даац, малын тарга хүч, өвөлжилтийн бэлтгэл, малын хорогдол, өвс тэжээлийн нөөц, малын сэг зэм устгах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа саравч болон усан хангамж, зуншлагын төлөв зэрэг үзүүлэлт дээр үндэслэн хийсэн аж.


Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Баянхонгор, Дорноговь, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгууд “Их”, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дундговь аймгууд “Дунд”, Өвөрхангай, Архангай аймгууд “Бага ”эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Дорноговь аймгийн хэмжээнд 2023-2024 онд 14.7 мянган малчин өрхийн 3,0 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв гарсан. Аймгийн нийт нутгийн 41.8 хувь нь 10-30 хүртэлх хувийн бэлчээрийн нөөцтэй, 40.8 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин, 9.3 хувь нь 3-5 дахин, 8.2 хувь нь олон дахин хэтэрсэн гэж тодорхойлогджээ.

Өөрөөр хэлбэл 2023-2024 оны өвөл, хаврын улиралд бэлчээрийн даац нийт нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй ба бусад 60 гаруй хувьд хэтрэлттэй гарсан байна.


Хүн амын махны хэрэгцээг 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 76,3 хувь, өндөгний 60 хувь, гурилан бүтээгдэхүүний 5,4 хувь, төмс, хүнсний ногооны 10,7 хувийг орон нутгаасаа хангаж байгаа ба урьд оноос 1,62 хувиар өссөн. Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг жигд, тогтвортойгоор хангах, үнийн зохиомол хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлэх, хадгалах чиглэлээр 2 хоршоо, 4 иргэн, 49 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.