Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар 15-20 см цасан бүрхүүл тогтож, мал бэлчээх боломжгүй болжээ

Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар 15-20 см цасан бүрхүүл тогтож, мал бэлчээх боломжгүй болжээ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-15.0 мм хур тунадас орсон.

Хамгийн их нь Увс аймгийн Малчин, Завхан аймгийн Их-Уул сумын нутгаар 15.0 мм, Завхан аймгийн Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаар 12.0-12.7 мм, бусад нутгаар 0.0-12 мм хур тунадас орж, Увс аймгийн Малчин сумын нутгаар 20.0 см, Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгаар 15.0 см, Завхан аймгийн Баянтэс, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар 14.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Салхины хурд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар 15-20 м/с, зарим үед түр зуур 23-25 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурсан.

Арваннэгдүгээр сарын 4-нд буюу өчигдрийн байдлаар Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, өнөөдөр буюу 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах ба хүйтний эрч чангарах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.