З.Батбаяр: Ногооноор тэмдэглэсэн хэсэг мод биш бөгөөд энэ нь нүхэн жорлон юм

З.Батбаяр: Ногооноор тэмдэглэсэн хэсэг мод биш бөгөөд энэ нь нүхэн жорлон юм

НҮБ-аас жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ний өдрийг эрүүл ахуйн шаардлагыг хангасан нойлтой байхыг сурталчлах өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдөртэй холбогдуулан мэргэжилтнүүд нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Монголын жорлонгийн ууган холбооны ерөнхийлөгч Д.Басандорж, "Улаанбаатар хотын хөрс, усны бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Монгол улсын 900 мянган өрхийн 22 хувь орон сууцанд амьдарч байгаа бол бусад нь гэр хорооллын нүхэн жорлон ашигладаг. Хөрсний бохирдлын 88 хувийг угаадас, муу усны бохирдол эзэлж байна. Энэ зурагт үзүүлсэн ногооноор тэмдэглэсэн хэсэг нь мод болон ногоон байгууламж биш бөгөөд энэ нь нүхэн жорлон юм. Ундны ус худагтай ойрхон нүхэн жорлон их байдаг. Энэ бол хүний эрүүл мэндэд их аюул учруулж байна" гэв.

Усны газрын дарга, доктор З.Батбаяр, "Зөвхөн лагерт байгаа 144 мянга 592 ширхэг нүхэн жорлон тоологдсон. Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон байдаг. Сэлбэ голын ус болон гурван хорооллын ундны уснаас E-coli гэдэсний савханцар бактери илэрсэн. Газар дор байгаа ундны ус нүхэн жорлонгоос болж бохирдох аюултай байна. Энэ бүгд нүхэн жорлонг шийдээгүйтэй холбоотой. Засгийн газар болон иргэд нүхэн жорлонг шийдэх чиглэлд хамтран ажиллах шаардлагатай" гэлээ.