Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүнээр их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг энэ сарын 01-ны өдөр /2023.11.01/ томилсон. Түүнийг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн өдөр буюу өнөөдөр гүйцэтгэж байна. Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн шинэ тэргүүн Д.Жавзандорж олноо “Монгол багш” хэмээн алдаршсан Ардын хувьсгалаас хойш анхны монгол лхаарамба юм.
Тэрээр 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан суусан ба 1993 онд Улаанбаатар хотод шилжин ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилжээ. Дээрхи хийдүүдэд шавилж байх хугацаандаа бурханы номонд сайтар суралцаж хийдийн голч, унзад зэргийн албыг хашиж байжээ. 1998 онд Өмнөд Энэтхэг дэх Буддын гүн ухааны Гоман дацанд их сургуульд элсэн орж жил бүрийн шалгалтдаа 1, 2 байрыг эзэлсээр амжилттай дүүргэсэн. 2012 оноос Лхаарамбын зэрэг цол хамгаалах шалгалтад явж эхэлсэн ба 2017 онд цолоо хамгаалж ажээ. Бурханы шашин дотроо таван бага ухаан, таван их ухаан гэж байдаг. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтад орох эрх авдаг байна. Энэтхэгт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн найман сургуулийн 10000 орчим лам бий. Үүнээс шилэгдсэн лам нартай бүтэн зургаан жилийн турш өрсөлдөн шалгалт өгч байж лхаарамба цол авдаг.
Тэрээр Гоман дацанд суралцах явцдаа 2002 оноос эхлэн олон лам хуврагуудад ном зааж эрдэмтэй номтой лам нарыг олноор бэлдэн гаргасаар байна. 2005 оноос нутагтаа морилон ирж сүсэгтэн олонд бурханы номыг айлдан сургаалиа хайрласаар байгаа юм. Мөн олон аймаг, сумдын лам, хуврага сүсэгтэн олны урилгаар морилж айлдвар сургаалиа хайрлаж байна. 2019 онд эх орондоо бүрмөсөн ирж Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд багшилж байгаа аж. Мөн түүний шавь нар 2013 онд бурхан шашны "Сумади гирди" төв төрийн бус байгууллагыг байгуулж, багшийнхаа номын их үйлсийг дэлгэрүүлж байна. Энэ төв нь Монголын бурханы шашны сургаалиудыг орчин цагийн шинжлэх ухаантай харьцуулан суралцаж амьдралдаа ач тусыг нь хүртэх, дээд номыг сонсох, бясалгах арга ухааныг эзэмших боломжийг бүрдүүлж, түгээн дэлгэрүүлэх их үйлсийг зорилгоо болгон ажилладаг байна.
ШУУД ҮЗЭХ: