Я.Содбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт бичлэг хийж, цацсан хоёр хүнийг олж тогтоон, шалгаж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт бичлэг хийж, цацсан хоёр хүнийг олж тогтоон, шалгаж байна

Нийгмийн сүлжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж буй бичлэг цацагдсан бөгөөд өчигдөр /2023.11.19/ ЕТГ-аас ташаа мэдээлэл гэж мэдээлсэн. Улмаар өнөөдөр /2023.11.20/ Ерөнхийлөгчийн Тамгын Газраас тус иргэнийг илрүүлэн шалгаж буй талаар мэдэгдлээ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар, "Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягнаас орчин үеийн технологи ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйл явдал болсонд туйлаас харамсаж байна.

Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, тэр тусмаа хөрш орны найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд хөрш орнууд, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах зэрэг аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор хууль хяналтын байгууллагад хандаж буйг үүгээр мэдэгдэж байна. Мөн энэ мэдээ мэдээллийг анх зохион байгуулалттайгаар тараасан иргэдийг хууль хүчний байгууллагаас тогтоосон. Энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох прокурор, хүчний байгууллагад хандсан байгаа. Тэнд мөн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хоёр хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна" гэлээ.

ҮЗЭХ: