Өнөөдөр зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Өнөөдөр зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Мөн нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7...-12 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Эрс хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -16...-18 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.