Өнгөрсөн шөнө /2023.11.22/ орсон цасны улмаас замын үзэгдэх орчин хязгаарлагдаж, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байсан юм. Тэгвэл өнгөрөгч шөнө Дундговь аймгийн нутгаар Гурвансайхан, Эрдэнэдалай, Баянжаргалан, Дэрэн, Хулд, Луус, Сайнцагаан, Өлзийт, Дэлгэрхангай сумуудад 0,0-0,7 мм цас орж, Гурвансайхан, Говь-Угтаал сумдаар 16 м/с, бусад сумдаар 9-14 м/с хүрч нийт нутгаар явган цасан шуурга шуурсан байна. Харин өнөөдөр /2023.11.22/ өглөөний 08:00 цагт цаг уурын ажиглалтын талбайд хэмжигдсэн хэмжилтээр Дэлгэрхангай, Өлзийт сумдаар 5-7 см, бусад сумдаар 0-3 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
