Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдөр /2023.11.26/ Архангай, Сүхбаатарын нутаг, Завханы зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, маргааш буюу энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, энэ сарын 28, 30-нд Алтайн уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.