Ой тогтоолтын ДАШТ-д монгол тамирчид нас насны ангилалд аваргалж, Т.Тэнүүн хошой аварга болжээ

Ой тогтоолтын ДАШТ-д монгол тамирчид нас насны ангилалд аваргалж, Т.Тэнүүн хошой аварга болжээ

БНЭУын Мумбай хотод арваннэгдүгээр 24-26-ны хооронд ой тогтоолтын “Олон Улсын Холбооноос” зохион байгуулсан “Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болж өндөрлөжээ.

Тус тэмцээнд Монгол, Герман, Норвеги, Дани, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчид 3 өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Манай улсыг төлөөлөн 12 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцож, нийт 90 медалиас 23 алт, 16 мөнгө, 8 хүрэл буюу нийт 47 медаль, 7 цомын эзэд болж багаараа үнэмлэхүй ялалтыг авсан байна.

Манай улсын тамирчид багаараа “ДЭЛХИЙН 4 УДААГИЙН АВАРГА БАГ” болжээ.

Бага насны ангилалд: 

- М.Гэгээн-Оюун алтан медаль

- Т.Тунгалагжаргал мөнгөн медаль

Өсвөр насны ангилалд: 

- ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон алтан медаль

- ОУ-ын Мастер Л.Уянга мөнгөн медаль

Насанд хүрэгчдийн ангилалд: 

- ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн алтан медаль

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Дэлхийн Аварга, ОУ-н Их Мастерийн тамирчин Т.Тэнүүн тэргүүлж дэлхийн аварга боллоо.

Ийнхүү Монгол Улсын тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 67 дахь тэмцээндээ амжилттай оролцож 131 цом, 1408 дахь медалиа хүртэж, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.