Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 7, баяжмалын экспортоор 6-д орж байна

Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 7, баяжмалын экспортоор 6-д орж байна

Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 7 дугаарт, зэс олборлолтоор 13, зэсийн баяжмалын экспортын худалдаагаар 6 дугаарт, БНХАУ-ын зэсийн баяжмалын импортын худалдаанд 3 дугаар байрыг тус тус эзэлж байна.

Энэ бол манай улсын Оюутолгой болон “Эрдэнэт” үйлдвэрийг дэлхийн зэсийн тэргүүлэх 15 үйлдвэртэй харьцуулсан, олон улсын өрсөлдөх чадварын судалгааны үзүүлэлт бөгөөд энэ талаар Үйлдвэр, худалдааны дэд сайд асан, уул уурхайн зөвлөх инженер О.Эрдэнээ, Экспортлогчдын холбооны тэргүүн, техникийн ухааны доктор Д.Галсандорж нар өчигдөр танилцуулсан юм.

“Эрдэнэт” үйлдвэрийг анх ашиглалтад хүлээн авахад Засгийн газраас байгуулсан техникийн комиссын гишүүнээр ажиллаж, “Эрдэнэт” үйлдвэрийг гадаад, дотоодод төлөөлөн сууж байсан дээрх хоёр эрхэм “Оюутолгой, “Эрдэнэ” үйлдвэрийн олон улсын өрсөлдөх чадварын харьцуулсан судалгаа” бүтээлийг гаргажээ. 

Уул уурхайн зөвлөх инженер О.Эрдэнээ, “Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн уурхайг дэлхийн хэмжээний зэс үйлдвэрлэдэг 12 орны нийт 15 үйлдвэртэй харьцуулахад техник, технологи, нөөц боломж, одоогийн явуулж буй үйл ажиллагаа нь тодорхой хэмжээний өрсөлдөх чадвартай, дундаж үзүүлэлтэд байгаа. Цаашид манай улс зэсийн хоёр том үйлдвэрээ үр өгөөж, ашигтайгаар урт хугацаанд ажиллуулж, техник, технологийг улам боловсронгуй болгоход одоогийн байгаа бодит байдалд зөв дүгнэлт хийх ёстой. Бидний гаргасан ном үүнд чиглэсэн байгаа гэв.