Н.Энхцогт: С.Бямбацогт сайд гаднын зочдын хажууд УБТЗ-ынхнаа доромжилж, намайг цохисны улмаас 21 хоног эмчлүүлж байна

Н.Энхцогт: С.Бямбацогт сайд гаднын зочдын хажууд УБТЗ-ынхнаа доромжилж, намайг цохисны улмаас 21 хоног эмчлүүлж байна

Зам тээврийн яамнаас Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын үеэр салбарын сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтод гар хүрч, эрх чөлөөнд нь халдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар УБТЗ/-ын ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогт  “Одоогоос гурван долоо хоногийн өмнө болсон олон улсын форумын төгсгөлд хаалт болгож албан ёсны хүлээн авалтыг Зам тээвэр, хөгжлийн яамнаас зохион байгуулж, салбарын сайд хүрэлцэн ирсэн. Уг арга хэмжээнд гадаад дотоодын зочид болон салбар байгууллагуудын удирдлагуудаа урьсан. Арга хэмжээний үеэр С.Бямбацогт сайд УБТЗ-ын зочдын ширээнд ирээд эрх чөлөөнд халдсан хэрэг гарсан. Харамсалтай нь дотооддоо биш гаднын зочдын хажууд тийм авир гаргасан нь л буруу юм л даа.

Тухайн үед С.Бямбацогт сайд “Энэ Улаанбаатар төмөр замын удирдлагууд зогсож байна. 16 мянган хүнтэй монголын хамгийн том байгууллага. Харамсалтай нь хамгийн хоцрогдсон бүтэлгүй байгууллага. Энэ байгууллага нь ОХУ-тай хамтарсан 50, 50 хувь байдаг учир хүчгүй” гэж хэлээд тэнд зогсож байсан УБТЗ-ын удирдлагуудыг заагаад “ОХУ-ын нөлөөний хүмүүс” гэхчлэн маш сонин үг хэлсэн. Тэнд байсан хүмүүс энэ үгийг сонсоод шоконд орсон. Үнэхээр төрийн сайд хүн тэгж хэлнэ гэж бодоогүй. Бүгд гайхаж, цуг ирсэн гадаадын хүмүүс нь орчуулагч хэлсний дараа бүгд цочирдсон.

Биднийг тагнуул гэж хэлэх нь хэнийг ч гайхширалд оруулна. Дээрээс нь манай байгууллагын өдөр шөнөгүй ажиллаж буй 16 мянган ажилчдыг доромжилсон. Мөн тухайн үед надад гар хүрсний улмаас би эмнэлэгт байж байна. Одоогоор хоёр долоо хоног гаруй эмчлүүлж байна. Хүлээн авалтын үед ширээнд үг хэлсний дараа сайд явсан.

Бид журмын дагуу сайдаа хүндэтгэж гаргаж өгөх ёстой. Бид бол юу ч хэлэхгүй шүү дээ. Хагас цэрэгжсэн байгууллага учир дарга юу ч гэж байсан тушаал л дагахаас илүү үг хэлдэггүй. Тэр дагуу гаргаж өгч өлгүүрийн хажууд зогсож байхад гэнэт юу ч хэлэлгүйгээр миний чамархай руу маш хүчтэй цохисон.

Би энэ үйл явдлыг ярихгүй бас нэлээд удлаа. Эр хүний ёсоор сайд маань ярих болов уу, эсвэл мессеж илгээх болов уу гэж гурван долоо хонолоо мэдээж юм яриагүй. Тиймээс олон нийт мэдэх хэрэгтэй байх гэж бодоод мэдээлэл өгч байгаа шүү. Уг нь чамархай руу цохихыг спортын хүмүүс мэдэх байх, хориотой цохилтдоо ордог, үхлийн магадлалтай цохилтдоо ордог.

Тэгж цохисноос хойш би улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаад өчигдрөөс /2023.11.29/ УБТЗ-ынхаа эмнэлгийн мэдрэлийн тасагт эмчлүүлж байна. Шүүх эмнэлгээр орж, өвчний дүгнэлт гарсан байгаа.

Эхлээд би шүүхэд хандахгүй долоо хоног сайдаа харсан. Дараа нь эмнэлэгт хэн цохисон гэдгийг нь хэлэхгүй шинжилгээ өгөөд явж байсан. Тэгээд яах араггүй толгой байнга өвдөж, нүд бүрэлзээд, чих шуугьж байсан учир өөрийн эрхгүй үзүүлж явсаар шүүх эмнэлэг дээр очсон. Шүүх эмнэлгээс заавал хэн цохисон зэргийг шалгаж, бүртгэдэг юм байна лээ. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт бол хөнгөвтөр гэж гарсан.Түүнээс хойш 14 хоног идэвхтэй эмчлүүлж байна. Эм тарианаас гадна, бариа засал байнга хийлгэж байгаа. Шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлсэн л бол цагдаад ханддаг юм байна лээ. Тиймээс одоо хуулийн байгууллагад хандсан байгаа. Тэр нь цааш яваад хэрэг үүсэж байгаа юм шиг байна лээ” гэлээ.