ВИДЕО: Автомашинаа халааж орхиод гэрлүүгээ орж хүүхдээ аваад гарах хооронд машиныг нь хулгайлсан байжээ

ВИДЕО: Автомашинаа халааж орхиод гэрлүүгээ орж хүүхдээ аваад гарах хооронд машиныг нь хулгайлсан байжээ

Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд автомашинаа халаах зуур түр хугацаанд хараа хяналтгүй орхисноос машинаа хулгайд алдах тохиолдол эрс нэмэгджээ. Иймд иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО: 

Авто машинаа хараа хяналтгүйгээс болж хулгайд алдах тохиолдол хэр их бүртгэгдэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн ахмад Э.Гандуулгаас тодрууллаа. Тэрбээр "Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад авто машины хулгайтай холбоотой 204 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд эзэн холбогдогчыг олж тогтоожээ. Гэвч хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд өглөө болон орой автомашинаа халаах зорилгоор асаалттай орхисноос болж авто машины хулгай эрс нэмэгдэж байна. Мөн хүнсний дэлгүүр болон үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэхдээ тухайн иргэн автомашинаа асаалттай үлдээх, үл таних хэн нэгэнд хэлээд орхисноос энэ төрлийн хулгайн гэмт хэргийн хохирогч болох нөхцлийг бүрдүүлж байгаа. Иймд иргэд та бүхэн өөрсдийн өмч хөрөнгөдөө хараа хяналттай байж, өглөө болон орой автомашинаа халаахдаа түгжээд орхих эс бөгөөс өөрөө хажууд нь заавал байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Гудамж зам талбай камер сайтай байгаа тул энэ төрлийн хулгайг үйлдэгч, эзэн холбогдогчийг дийлэнхдээ олдог. Гэвч иргэдийн хараа хяналтгүйгээс болж хулгайчдад боломж олгосоор байна.

Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол Эрүүгийн хуулийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эс бөгөөс зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд хараа хяналтгүйгээр автомашинаа орхисноос болж энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх болсон тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, өмч хөрөнгөө хамгаалахыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.