Украинд ажиллаж буй монгол сэтгүүлч Х.Цогтбилгүүндарь: Дэлхийд бид дарангуйллын эсрэг, энх тайвны төлөө гэдгээ харуулж байна

Украинд ажиллаж буй монгол сэтгүүлч Х.Цогтбилгүүндарь: Дэлхийд бид дарангуйллын эсрэг, энх тайвны төлөө гэдгээ харуулж байна

Unnu.news медиа компанийн ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украинд төвтэй “Нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори” ТББ-ын “Connecting Continents” төсөлд шалгарч, Украинаас дайны бодит нөхцөл байдлыг сурвалжлахаар болж, тус улсыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ази, Африк, Латин Америкийн сэтгүүлч, нийтлэлчид Украинд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ОХУ-аас Украинд хийж байгаа дайны талаарх бодит мэдээллийг хүргэх зорилготой тус хөтөлбөрт Ази тивээс долоон сэтгүүлч сонгогдож, оролцсон юм. Улмаар хөтөлбөрийн сэтгүүлчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-аас эхлэн Украинд ажиллаж буй. Тэдний ажил ирэх Ням гарагт /2023.12.03/ дуусаж, нутаг буцах аж.

Тэгвэл энэхүү хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлж буй Unnu.news медиа компанийн ерөнхий продюсер Х.Цогтбилгүүндарь Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй биечлэн уулзжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Энэ хөтөлбөрт бид, би сонгогдсон нь биш Монгол Улс сонгогдсон нь чухал ажээ. Дэлхий дахинд бид дарангуйллын эсрэг, эрх чөлөөний талд, энх тайвны төлөө гэдгээ харуулж байна” хэмээн бичжээ.