Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

03-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 4-нд нутгийн баруун хагаст, 5, 6-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч, 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -23...-28 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.