Азийн хөгжлийн банкны 3 сая ам.доллароор хэрэгжиж буй төслийн "Хог боловсруулах үйлдвэр барих" мөнгийг ердөө "Зөвлөх үйлчилгээ"-нд зарцуулаад дуусгажээ

Азийн хөгжлийн банкны 3 сая ам.доллароор хэрэгжиж буй төслийн "Хог боловсруулах үйлдвэр барих" мөнгийг ердөө "Зөвлөх үйлчилгээ"-нд зарцуулаад дуусгажээ

Манай улсад гаднын зээл тусламжаар олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч үр дүн нь  гарч, ард иргэдэд хүрдэггүй гэх шүүмжлэлд өртдөг. Тэгвэл үүний нэгэн жишээ болсон "Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл" бүрэн хэрэгжиж, үйлдвэр нь баригдахаас өмнө санхүүжилт нь зөвлөх үйлчилгээндээ дууссан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”-ээс 30 орчим хувь нь буюу 420 мянган тонн нь хүнсний хог хаягдал байдаг байна. Тиймээс ч Улаанбаатар хотод хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэх зорилготой "Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийг Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн 3 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 50 өрх, таван байгууллагад туршилт, судалгаа хийж, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байсан байна.

Гэвч үйлдвэр барих мөнгө нь зөвлөх үйлчилгээнийхээ зардалд дууссан учир үйлдвэр барих боломжгүй болоод байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. 

"Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийн төслийн зохицуулагч Д.Нямдоржийн ахалж буй тухайн төслийг гурван хэсэгт хувааж хэрэгжүүлэхээр анх төлөвлөж байсан байна. Тодотговол, эхний үе шатанд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох. Ингэснээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа үнэлгээ хийгдэж цаашид гарах үр дүнг тодорхойлно.

Мөн хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжүүлж иргэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулсан бордоог үйлдвэрлэж  хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглахаар төлөвлөж байжээ. Гэвч төслийн хүрээнд хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбарыг тодорхой болгох ажил нь л бүрэн хэрэгжсэн байна. Товчхондоо, Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангийн гурван сая доллароор хэрэгжиж буй тус төслийн хүрээнд үйлдвэр барих бус хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбарыг тодорхой болж үлдэж байгаа бололтой. 

Хотын дарга асан Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзалт хийж байжээ

Ташрамд өгүүлэхэд  Хотын дарга асан Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцох үеэрээ “Төсөл, хөтөлбөрүүдийг хугацаанд нь дуусгах хэрэгтэй. Хот ямар нэгэн байдлаар алданги хүлээх ёсгүй" гэдгийг анхааруулж байсан юм.