Монополийг задалъя: Үгсэн хуйвалдагсад!

Монополийг задалъя: Үгсэн хуйвалдагсад!

Кремль цоргоо нарийсгажээ. Мэдээж, Монголд хомсдол нүүрлэв. Шатахууны хувьд Москвагаас шууд хараат Монголд энэ нь маш муу мэдээ. Хөхөө өвлөөр, хөр цаснаар хөл дүүжлэх унаандаа хийх түлш, шатахуунгүй болно гэдэг Монголын экспорт, импорт тэр чигтээ зогсоно гэсэн үг. Ядаж байхад Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа ахиад хоёр жилээр хойшилсон. 2026 он гэхэд Монгол газрын тосоо дотооддоо нэрж, хэрэглээнийхээ 50 хувийг хангах тооцоо. Гэвч тэр болтол лай ч байна, зай ч байна.

Ямар ч байсан Монгол, Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов Монголд айлчилж, шатахуунаа хэвийн нийлүүлнэ гэж амалжээ. Гол нь тээврийн асуудлаа шийдэх гэх танай талаас хугацаа орсон болохыг хэлж. Ингээд маргаашнаас 50 вагон, арванхоёрдугаар сарын 1-нд 67 вагон, 2-нд 120 вагон гээд ирэх сарын эхээр 350 вагон шатахуун Оросын талаас ачигдана. Ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэгдэх аж.  Эндээс дүгнэхэд, шатахууны хомсдол үүсэхэд нефть импортлогчид буруутай бололтой.

Монголын хамгийн том  нефть импортлогч “Петровис” компанийн ерөнхий захирал О.Содбилэг нь “Хоногт давхардсан тоогоор 200 мянган машин тодорхой зорилгогүй явж, хотын түгжрэлд нөлөөлж байгаа дүн гарсан. Энэ нь халтууранд явж байгаа жолооч нар” гэж даапаалж суухаар уг нь шатахуунаа тасалдуулахгүй татахад анхаарлаа хандуулах ёстой байв. 

Ямар О.Содбилэгээс бензин авсан болохоос машинаар нь халтуур хийсэн биш, иргэд халтуур хийнэ үү, байна уу ёстой баян хүн луувангаа иднэ, лаагаа иднэ үүтэй л адилхан зүйл шүү дээ. Арай л “халтуурны жолоочдод” бизнес зарахгүй гэж монопольдох нь холгүй байх шиг.

Монголд шатахууны хомсдол нүүрлэх бүрт хожигдол нь эцсийн хэрэглэгчид, энгийн иргэдэд ирдэг, хожлыг нь импортлогчид хүртдэг, халаасалдаг. Үндсэндээ татварыг тэглэ, Засгийн газар дэмжлэг үзүүл гэдэг үг тэдний амны уншлага болсон. Үе, үеийн Засгийн газрын шантаажилж, ард иргэдээ айлгах сүрдүүлдэг. Шатахууны үнийг чөлөөлүүлэхийг тулд шатахууны хомсдол үүсгэж албаартдаг, үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг.

Монгол нефть, шатахууны хувьд Оросоос бараг зуун хувь хараат хэвээрээ байгаа. Гэхдээ хомсдол болгоныг оросууд руу чихээд байх болохгүй. Оросуудын ард манай импортлогчид хэлээ гаргаад зогсож байх магадлал өндөр. Иймээс л Монголын монополиудыг задлахгүй бол нэг өдөр улсаараа тэг зогсох нь байна шүү, энэ бол анхааруулга.

Үнэндээ, Монголд шатахуун импортлох эрхтэй 86 аж ахуйн нэгж байдаг. Тэднээс 20 орчим нь Монголын дотоодын зах зээлийг базчихсан, “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай Трейд”, “М-ойл”, “Монсуль” гээд. 

Мэдээж, эзэд нь дандаа улстөрчид, “Петровис”нь УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийнх. “Шунхлай” АПУ-гийнх, “Сод Монгол”-ын эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, М-Ойл групп”-ийн гүйцэтгэх захирлаар АН-ын Б.Пунсалмаа ажиллдаг бол “Монсуль”-ийн захирал нь Т.Энхжаргал гэж хүн бий. Харин “Магнай трейд”-ийн нууц ноёнтон нь Р.Ганзориг. Гэх мэтчилэн ёстой 20-иодхон гэр бүл Монголын эдийн засгийг бараг улс төртэй нь атгаж байна. Засгийн газар тэдний шантаажинд орохгүй бол үгсэн хуйвалдаж байгаад үгэндээ оруулж авдаг.

Хичээл сургууль орох, ургаж хураах гээд эмзэг, эрсдэлтэй, эвгүй цаг үеийг сонгож хомсдол үүсгэнэ. Уул уурхайн сайд болгон шатахуун импортлогчдыг уурлуулахаас айдаг гэдэг бараг үнэний ортой ч байх.  Ямар сайндаа өнгөрсөн онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдах гэж байгаа бол Засгийн газар "Роснефт"-д шууд борлуулах эрх олгож болно шүү” гэж сүрдүүлэх дээрээ тулах билээ. 

Үнэндээ НИК-ийг хувьчилсан нь өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа мөн үү мөн. Стратегийн гол ач холбогдолтой салбарыг 20 гэр бүл, 200-хан хүн атгандаа байлгаж байна шүү дээ, асуудал нь. Нэгэнтээ НИК хувьд гарсан, хувийн өмчийг хурааж болохгүй. Тиймээс монополиудыг задалъя гэвэл шатахуун импортлох эрхийг чөлөөтэй олгох хэрэгтэй. Анандбазар, О.Содбилэг нараас бусад нь яагаад шатахуун зарж болохгүй гэж. Үгсэн хуйвалдаж үнэ нэмэх, хомсдол үүсгэхээс сэргийлэх үүнээс өөр гарц бий гэж үү!Өнгөрсөн 30 жилийг алдааг өөрчилье гэвэл шүү дээ.

Б.ТОРОЙ