Х.Цагаанбаатар: Үндэсний бөхийн холбоо нэг шалтаг гарахаар нэг хүнээр туг тахидаг үйлдэлээ хэзээ зогсоох вэ

Х.Цагаанбаатар: Үндэсний бөхийн холбоо нэг шалтаг гарахаар нэг хүнээр туг тахидаг үйлдэлээ хэзээ зогсоох вэ

"Ургацын баяр-2023"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж давсныхаа дараа гаргасан үйлдэлд Монголын Үндэсний бөхийн холбооноос хариуцлага тооцож, барилдах эрхийг нэг жилийн хугацаатайгаар хассан. 

Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан МУГТ, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн цахим хаягтаа, "Үндэсний бөхийн холбоо нэг шалтаг гарахаар нэг хүнээр туг тахидаг үйлдэлээ хэзээ зогсоох вэ? Асуудлыг болох эс болох талаар дүгнэх чадамж байгаа юу? Гаргасан үйлдэл нь мэдээж буруу. Түүнийгээ ойлгоод ухамсарлаад өөрөө уучлалт хүсэж байхад сануулаад бага хугацаа, цөөн сараар барилдах эрхийг нь хасчихаж болдоггүй юмуу?

Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн тэдийн тэд дээр ёс зүйгүй ийм үйлдэл гаргавал 1 жилээр хасна гэсэн тодорхой эрх зүйн заалт байдаг болов уу?  

Наад гаргаж байгаа шийдвэрээ журам, дүрмэндээ нийцүүлж бас бүх бөхчүүдэд эрх тэгш үйлчилдэг байх хэрэгтэй шүү.  Барилдааны үед шатах, шар хөдлөх зүйл бишгүйдээ л гардаг.  Гэвч илтэд зодоод, бусдын биед бодит хохирол учруулсан уу?  Аль эсвэл сэтгэлзүйн хохирол, нэг бол ёс зүйн алдаа юу? Тус тусад нь ялгасан эрх зүйн чадамжтай бодлогын баримт бичиг, дагаж мөрдөх ёстой дүрэм байна уу?? Хүний залуу нас хайран шүү.  Бүтэн жил бэлтгэл сургуулилт, барилдаанаас хол байна гэдэг тэр зүйлдээ л цаг зав бүх зүйлээ зориулсан хүний хувьд хэцүү.  Ялангуяа жилдээ ганц болдог наадамдаа барилдаж цолоо ахиулж чадахгүй байх нь харамсалтай.  Ямар ч шийдвэрийг давж заалдах эрхтэй байдаг. Тэгэхээр шийдвэр гаргаж буй хүмүүсийг давж заалдах дараагийн шат гэж байдаг уу? Хуулиас давсан журам баталчихаад хэдэн бөхчүүдийг арай л шийтгэж байна шүү. Ямар допинг хэрэглэсэн биш дээ" гэжээ.