Монголын ураны төслийг эсэргүүцэж, Евроазийн холбоонд манайхыг элсүүлэхээр Оросууд шатахууны цоргоо нарийсгаж, Компаниуд үнээ нэмэхээр хомсдол үүсгэж байж магадгүй байна

Монголын ураны төслийг эсэргүүцэж, Евроазийн холбоонд манайхыг элсүүлэхээр Оросууд шатахууны цоргоо нарийсгаж, Компаниуд үнээ нэмэхээр хомсдол үүсгэж байж магадгүй байна

Өнгөрөгч амралтын өдрүүдийг Улаанбаатарын зарим иргэд шатахуунд дугаарлаж өнгөрөөлөө. Иргэдийн зарим нь бензин, дизель түлш авахаар үүр шөнөөс эхлэн урт дараалалд зогссон ч авч чадаагүй гэж байлаа. Учир нь ихэнх шатахуун түгээх станц /ШТС/-ууд шатахуун зарахгүй, жаахан хэмжээгээр өгч байгаа ШТС-ууд нь ачааллаа даахгүй, татан авалт нь хурдан дуусаж байв.

Тэгвэл албаны эх сурвалжууд, “шатахууны импорт хэвийн явагдаж байгаа” хэмээн мэдээлж байгаа ч бодит байдал дээрээ иргэд ШТС-ууд дээр урт дараалал үүсгэж байгаа нь дотоод, гадаад хэд хэдэн шалтгаантай холбоотой юм.

-УРАНЫ ТӨСЛИЙГ ЗОГСООЖ, ЕВРОАЗИЙН ХОЛБООНДОО МОНГОЛЫГ ЭЛСҮҮЛЭХ ШАХАЛТЫГ ҮЗҮҮЛЖ ШАТАХУУНЫ ЦОРГОО ОРОСУУД НАРИЙСГАЖЭЭ-

УБТЗ-ын эх сурвалж MM агентлаг өгсөн тайлбартаа, “ОХУ руу шатахуун тээвэрлэх вагоны тоогоо нэмэгдүүлж, төлөвлөсөн хэмжээндээ бензин, дизелийн түлшээ явуулаач” гэсэн албан тоотыг хоёр удаа явуулаад байна гэжээ. Энэ нь Оросын тал манай захиалсан шатахууныг тоо, хэмжээнд нь гүйцэт өгөхгүй байгааг илтгэж байгаа юм.

Оросууд манайд шатахуун хангалттай нийлүүлэхгүй байгаа нь Монгол, Францын хамтран хэрэгжүүлэх гэж буй ураны төслийг зогсоож, мөн өөрсдийн Евроазийн эдийн засгийн холбоондоо манай улсыг гишүүнээр элсүүлэхээр шахалт үзүүлж байж мэднэ.

Тодруулбал,  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байдаг “Зөөвч-Овоо” ураны ордыг Франц улстай хамтран ашиглахаар болж хоёр улсын төрийн тэргүүний айлчлал болсон. Иймд манай улсыг Францтай ураны салбарт хамтран ажиллахыг Оросууд ил, далд эсэргүүцэж эхэлсэн юм. Тухайлбал, ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко өнгөрөгч аравдугаар сарын 23 /2023.10.23/-нд манай улсад ирж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, “Орос улс Монголд бага чадалтай атомын цахилгаан станц барих боломжтой” гэдгээ мэдэгдсэн байдаг. Учир нь оросууд өөрсдөөсөө манай улсыг цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд хараат байлгаж ирсэн. Энэ нь тус улсын геополитикийн бодлого гэж хэлж болно. Мөн оросууд манай улсад нөлөөллөө тогтоох эрмэлзэл нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байж болзошгүй байгаа. Харин манай улс гуравдагч хөршийн харилцаагаа улам бүр эрхэмлэж, барууны орнуудтай уул уурхайн салбарт хамтран ажиллахыг эрмэлзэх болсон. 

Уран олборлолтоороо тэргүүлдэг улс орнуудын график

Франц бол ураны хэрэглээгээрээ дэлхийд эхний гуравдугаарт ордог улс. Гэхдээ өөрийн нутагтаа “ураны орд байхгүй” тул хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч эрчим хүчний хэрэглээ хангадаг байгаа юм. Харин Украинд өдөөсөн дайнаас болж ОХУ олон улсын хоригт орсон тул Франц улс оросуудаас авдаг ураны хэрэглээгээ Монголоос нөхөж, манай улсад их хэмжээний орлого орохоор болоод байгаа. Харин дэлхийн нийт ураны 5 хувийг олборлож, Францад нийлүүлдэг оросууд энэ зах зээлээ алдахгүйг хичээж, мөн Монголд тогтоосон эрчим хүч, шатахуун, төмөр зам зэрэг нөлөөллөө алдахаас болгоомжилдог байж магадгүй. Иймд энэ удаа тэд шатахууны цоргоо нарийсгаж, манай эрх баригчдыг бойкотолж байж мэднэ.

Мөн өнгөрөгч есдүгээр сар /2023.09/-д ОХУ-ын Засгийн газраас, “Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улс орнуудад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарлана” гэдгээ мэдэгдсэн. Оросуудын шатахуунаа таслахгүй нийлүүлэх эдгээр дөрвөн орон нь ОХУ-ын төрийн тэргүүний санаачилгаар 2014 онд байгуулсан “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны гишүүн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн орнууд юм.

Өдгөө тус холбоог ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин даргалж байгаа. Харин манай улсыг тус холбоонд гишүүнээр элсэх боломжит орон гэж оросууд үздэг.

“Евроазийн эдийн засгийн холбоо”-ны гишүүн таван улс

Учир нь тэд манайхаас уул уурхайн бүтээгдэхүүн авах сонирхолтой. Харин тус таван улсын зах зээлд Монголоос гарч байгаа экспортын бүтээгдэхүүнүүд комиссын мөрддөг тарифыг дагана. Товчхондоо, манай уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тэд тогтоож, бид дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ худалдахгүй гэсэн үг. Харин Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга судлуулж байсан юм. Иймд тус холбоонд Монгол Улсыг гишүүнээр элсүүлэхээр шатахууны цоргоо нарийсгаж байх талтай.

-ДОТООДОД ЗОХИОМОЛ ХОМСДОЛЫГ ҮҮСГЭЖ, ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ТАТВАРАА ТЭГЛҮҮЛЖ, ҮНЭЭ НЭМЭХ ГЭЭД БАЙНА УУ-

Тэгвэл шатахууны импортлогчид дотоод хомсдолыг зохиомлоор үүсгэж байж магадгүй байна. Учир нь УБТЗ-ын эх сурвалж MM агентлаг өгсөн тайлбартаа, “ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн вагон “Толгойт өртөө” болон “Улаанбаатар өртөө” дээр ирээд шатахуун хадгалах савнаас болж хэд хоног зогсож байна. Учир нь хүлээн авагчид шатахууны түгээлтээ ШТС-ууд руугаа хийж, сав нь сулрахаар нь вагоноос олголтыг хийдэг. Тухайлбал, Толгойт өртөө дээр дизелийн түлштэй 200 гаруй вагон зогсож байна. Мөн АИ 92 шатахуунтай 115 вагон ирсэн бол 113 вагон замдаа ирж явна” гэжээ. Энэ нь шатахуун импортлогч компаниуд түгээлтээ хийхгүй хомсдолыг зохиомлоор үүсгэж байж болзошгүй байгаа юм.

Монголд шатахуун импортлох эрхтэй 86 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээрээс “Петровис”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай Трейд”, “М-ойл”, “Монсуль” зэрэг 20 орчим компани л Монголын дотоодын зах зээлийг хангадаг байна. Харин эдгээр компаниудын эздийн ихэнх нь улстөрчид. Тухайлбал, “Петровис” компани бол УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийнх, “Сод Монгол” групп УИХ-ын гишүүн Ц.Анандбазарынх, М-Ойл группийн захирлаар АН-аас УИХ-д нэр дэвшдэг Б.Пунсалмаа ажилладаг бол, “Шунхлай” групп АПУ-гийнх, “Магнай трейд”-ийн эзэн нь Р.Ганзориг гэх эрхэм бий.

Хэрэв дотоод хомсдолыг импортлогчид үүсгэж байгаа бол тэд шатахууны татварыг тэглүүлж, Засгийн газраас дэмжлэг үзүүлэх амлалтыг нэхэж байж ч болзошгүй юм. Нөгөө талд шатахууны үнийг чөлөөлүүлж, үнээ нэмэхийн тулд ирсэн шатахуун дээр татан авалт, түгээлтээ хангалттай хийхгүй байж магадгүй байна. Учир нь шатахууны тээвэрт ямар ч саатал байхгүй, шатахуун тээвэрлэж буй гал тэрэгнүүдийг хурдан татан авч, буулгалтын өртөө дээр хурдан хүргэж байгаа” гэж УБТЗ-ын эх сурвалж мэдээлжээ.