Оросууд манайд хоёр төрлийн шахалт үзүүлж, улмаар урьдчилж мэдэгдэлгүйгээр шөнийн 04.00 цагт "Цахилгаан хязгаарлах мэдэгдэл"-ээ ирүүлжээ

Оросууд манайд хоёр төрлийн шахалт үзүүлж, улмаар урьдчилж мэдэгдэлгүйгээр шөнийн 04.00 цагт "Цахилгаан хязгаарлах мэдэгдэл"-ээ ирүүлжээ

Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ тодорхой хувийг ОХУ-аас импортоор авч, баруун аймгуудыг эрчим хүчээр хангадаг. ОХУ-аас авах эрчим хүчний импорт өвлийн эд ачааллын үед нэмэгддэг гэдэг. Хэрэв Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орвол энэ байдал зогсох юм. 

ВИДЕО: 

Тэгвэл манайд эрчим хүч импортолдог "Галуут нуур"-ын станцын хоёр блокын засвар дуусаагүй гэх шалтгаанаар 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон бууруулж,  өнөөдрийн /2023.12.13/ 10:00 цагаас эхлэн хугацаагүйгээр эрчим хүчийг хязгаарлахаа ОХУ-аас албан ёсоор мэдэгдсэн. Иймд маргаашнаас эхлэн /2023.12.13/ Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/-өөс Эрчим хүчний чадлын дутагдалтай холбогдуулан хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ авахаар болоод байгаа юм. 

Тэгвэл ОХУ нь “Цахилгаан хязгаарлах тухай” мэдэгдлийг өнгөрсөн шөнийн 04.00 цагт гэнэт ирүүлсэн байна. Энэ бол дипломат харилцаанд байж боломгүй бүдүүлэг алдаа. Тэд урьдчилж огт мэдэгдэлгүйгээр ийнхүү цахилгаан хязгаарлаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд энэ шийдвэрийг хоёр шалтгаантай гаргасан бөгөөд нэгд, ОХУ-ын тэргүүлдэг Евразийн эдийн засгийн  холбоонд орохыг шахаж байгаа, хоёрт, манайхыг ураны төсөлд Францтай хамтрах болсонд дургүйцэж буйтай холбоотой юм. 

-ГЭР ХОРООЛОЛ БОЛОН ОРОН СУУЦАНД ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАЖ МАГАДГҮЙ-

Тиймээс манай улс ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж буй бөгөөд энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг хүргүүлсэн. Өнөөдөр бас сайдтай утсаар ярихыг оролдоно. Мэдээлэл цаг тутамд өөрчлөгдөх байх. ОХУ-д дутагдаж байгаа эх үүсвэрийн дутагдал хурдан арилах тусам бидний нөхцөл байдал хурдан сайжирна. Цахилгааны хязгаарлалтыг өнөөдөр, цагийн дараа хийхийг ч үгүйсгэхгүй. Улаанбаатар хотын гэр хороолол болон орон сууцнуудад хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Хэрэглэгчдийг аль болох давхардуулахгүйгээр цахилгааны хязгаарлалтад хамруулах график төлөвлөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс эхлэн түгээх сүлжээнүүдээр дамжуулан олон нийтэд цахилгаан хязгаарлалтын хуваарийг хүргүүлнэ” гэсэн юм.