“Шинэ сэргэлт бодлогын хурдасгуур төв”-ийнхөн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийсэн судалгаагаа өнөөдөр /2023.12.15/ танилцууллаа.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд холбогдох албаны мэргэжилтнүүд “Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт”, “Эрчим хүчний бодит өртөг ба шинэчлэлийн боломжит хувилбар”, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Сэргээгдэх эрчим хүчний экспортын боломж”, “Устөрөгчийн эрчим хүч Монгол Улсад” гэсэн сэдвээр илтгэл тавьжээ. Эрчим хүчний салбар 2020 онд 88.1, 2021 онд 77.8, 2022 онд 187.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 74 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгааг илтгэлд дурдлаа. Илтгэлийн эхэнд эрчим хүчний салбар эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл болж байгааг онцолсон. Цаашид үүнийг сайжруулъя гэвэл тарифыг нэмэх, дулааны цахилгаан станцуудын засаглалыг сайжруулах, холимог өрсөлдөөнт зах зээл рүү шилжих ёстойг салбарынхан ярилаа. Одоо хэрэгжүүлж буй нэг худалдан авагчийн загварыг өөрчлөх хэрэгтэй бөгөөд үүнийг өөрчлөхгүйгээр эрчим хүчний салбарын шинэчлэлийн талаар ярих боломжгүй. Бөөний болон жижиглэнгийн холимог өрсөлдөөнт худалдааны зах зээл рүү шилжих хэрэгтэй гэв. Одоогоор манай улсын өрхийн орлогод эзэлж буй цахилгааны төлбөр 2.2 хувь байгаа бөгөөд сүүлийн 6-7 жилийн хугацаанд энэ нь тогтмол үзүүлэлт аж. Гэтэл дэлхийн дунджаар өрхийн орлогын таван хувийг цахилгааны зардал эзэлдэг байна.