"Баян-Өлгийг тусад нь сонгуулийн нэг бүс болгох" хөөцөлдлөгөөг Х.Баделхан, Т.Аубакир нар хийсэн ч, МАН-ын гишүүд "Монгол бол нэгдмэл улс" гэж тэдний саналыг эсэргүүцжээ

"Баян-Өлгийг тусад нь сонгуулийн нэг бүс болгох" хөөцөлдлөгөөг Х.Баделхан, Т.Аубакир нар хийсэн ч, МАН-ын гишүүд "Монгол бол нэгдмэл улс" гэж тэдний саналыг эсэргүүцжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр долоо хоног дараалан бүлгийн хурлаараа 2024 оны парламентын сонгуулийн тойрог, мандатын асуудлыг хэлэлцэж байна. Учир нь одоогоос зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуульд тэд ямар тоглоомын дүрмийг зохиож ялалт байгуулахыг олон нийт ч анхааралтай ажиглаж байна.

Өчигдөр /2023.12.18/ МАН-ын Бүлгийн хурлын шийдвэрийг Д.Тогтохсүрэн танилцуулахдаа "МАН-ын Удирдах Зөвлөл өглөө хуралдсан. МАН-ын бүлэг УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу парламентад суудалтай улс төрийн намууд тодорхой хүрээнд ярилцаж, зарим намуудын удирдах байгууллага хуралдаж, шийдвэр гаргасан байна. УИХ-д суудалтай улс төрийн намууд бүсчилсэн сонгуулийн тойрог ямар байх, хэдэн мандаттай байх асуудлаар өнөөдрөөс уулзаж, зөвшилцөн саналуудаа тохиролцоно. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт багтаан шийднэ" гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд 21 аймгийг 7, Улаанбаатар хотыг дөрвөн бүс болгон хуваах УИХ-ын 2024 оны сонгуулийг явуулах саналыг намын бүлгийн хуралдаа эхэлж оруулсан байна.

Тодруулбал:

  1. Баян-Өлгий
  2. Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
  3. Хөвсгөл, Орхон, Булган
  4. Архангай, Баянхонгор, Өвөрхангай 
  5. Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь
  6. Хэнтий, Дорнод, Сүхбаатар 
  7. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг

Харин Улаанбаатарыг дөрвөн бүсэд хуваахдаа 

  1. Багахангай, Багануур, Налайх
  2. Баянзүрх,
  3. Сүхбаатар, Чингэлтэй 
  4. Хан-Уул,  Баянгол
  5. Сонгинохайрхан гэсэн хувилбарыг санал болгосон байгаа юм.

-АЙМГУУДЫГ 7 БИШ 5 БҮС БОЛГОН ХУВААХ САНАЛЫГ МАН-ЫН БҮЛГИЙН ЗАРИМ ГИШҮҮД ӨЧИГДӨР ГАРГАЖЭЭ-

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүд уг хувилбарыг  өөрчлөх саналыг өчигдөр болсон бүлгийн хурлын үеэрээ гаргажээ. Тодруулбал, 21 аймгийг 7 биш 5 бүсэд хуваах нь зүйтэй гэж хэлсэн байна. Тэд, 21 аймгийг 7 бүсэд хуваах нь том аймгууд нь жижгүүдээ чирнэ. Улсыг утгаар нь бүсчилж хөгжүүлье гэвэл хөгжлийн томоохон төслүүдийнхээ дагуу 5 хуваах нь зүйтэй гэсэн байна. Иймд сонгуулийн бүсчлэлийг 7 эсвэл 5-ын аль дээр тогтох нь УИХ-ын чуулганы хэлэлцүүлгээр тодорхой болно. Учир нь тойрог, мандатын асуудлаар удахгүй тогтоолын төсөл гаргаж, УИХ-аар хэлэлцэх юм.

Дээрхээс гадна Баян-Өлгий аймгийг тусад нь УИХ-ын нэг тойрог болгохыг МАН-ын гишүүд эсэргүүцэж байгаа аж. Тиймээс баруун аймгуудтай нэгтгэх шаардлагатай гэсэн саналыг өчигдрийн хуралдааны үеэр  зарим гишүүд гаргажээ.

Баян-Өлгийг ганцааранг нь нэг тойрог болгох саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан бөгөөд гол хөөцөлдлөгөөг Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар хийж байгаа бөгөөд "үндэсний цөөнх" гэдгээр ийнхүү зүтгүүлж байгаа ч үүний цаана тэд УИХ-д дахин сонгогдох зорилго л ердөө нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Мөн Х.Баделханы хувьд Баян-Өлгийн “хаан” шиг авирладаг тухай нутгийнхны яриа бий. Харин МАН-ын зарим гишүүд “Үндэсний цөөнх нь хамаагүй Монгол Улс бол нэгдмэл улс, Үндсэн хуулийн дагуу шийдэх нь зүйтэй. Баян-Өлгийн гишүүд Увс, Ховдоос санал авахгүй гэх шийдвэрээр тусад нь бүс болгож болохгүй. Тэгж яривал Ховдын иргэдийн 30 хувь нь казахууд байгаа зэргээр ярьжээ. Баян-Өлгийг тусад нь нэг бүс болгох уу эсвэл өөр бусад аймгуудтай нэгтгэх үү гэдэг нь ч хэлэлцүүлгийн үеэр тодорхой болох ажээ.