БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ц.Туваан 2024 онд дахин нэр дэвших бол Д.Сарангэрэл, С.Одонтуяа нар “тодорхой хариулт хэлэх боломжгүй” гэв

БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ц.Туваан 2024 онд дахин нэр дэвших бол Д.Сарангэрэл, С.Одонтуяа нар “тодорхой хариулт хэлэх боломжгүй” гэв

Манай Улс парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг хайрлаж, хамгаалах шаардлага бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.

Ард түмэн энэ эрхээрээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгохдоо хариуцлагатай байх ёстой юм. Тус агуулгын хүрээнд одоогийн УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд дахин нэр дэвших үү" гэдгийг тодруулж буй дөрөв дахь цувралаа хүргэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилсан тэр хуулийн хэрэгжилт хэр байгааг ч асуув. 

ВИДЕО: 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН: 2024 оны УИХ-ын сонгуулиар би тойрогтоо очно. Дүнг ард түмэн тавина. Рейтингийн судалгаа хийлгээгүй болохоор рейтинг ямар байгааг мэдэхгүй байгаа. УИХ-ын гишүүн бол дарга биш төр, ард түмний "гүүр" юм. Энэ утгаараа иргэдийн төлөөлөл болж ажилласан.  Өнгөрсөн дөрвөн жилд чамгүй олон ажлыг хийсэн байна. УИХ-ын тамгын газраас саяхан нэг статистик гаргасан. Тэндээс харвал хамгийн олон хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүдийн дунд миний нэр бий. Бие дааж "Төрөөс олгох урамшууллаас малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцох тухай" хуулийн төслийг боловсруулж, батлуулсан. Энэ хууль өнгөрсөн аравдугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Мөн ковидын үед ковидын зохицуулалтад хуулийн нэмэлт төсөл санаачилж оролцсон. Ер нь 10 гаруй хуулийн төслийг боловсруулахад хамтарч оролцжээ. Үүний зарим нь батлагдаагүй. Миний дарга бол намайг томилж байгаа ард түмэн. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН: Би Баян-Өлгий аймгаас гурав дэхь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байна. Ирэх оны сонгуульд би нэр дэвшихгүй. Залуусыг дэмжиж байгаа. Жагсаалтад орох эсэхийг нам шийднэ. Би Барилгын сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын цэвэр, бохир усны тухай хуулийг санаачилж, батлуулсан. Энэ хууль одоо мөрдөгдөөд явж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: 2023 оны миний хамгийн том зорилго бол эмэгтэй нэр дэвшигчдийг олноор нь сонгуульд оролцуулж чаддаг болгох байлаа. Бид хамтдаа ажиллаж чадсан учраас эмэгтэй хүн сонгуульд олноороо өрсөлдөж, сонгогдох боломжтой боллоо. Жагсаалтад нэг, нэгээр бичих харьцаа бол улс орнуудын мөрөөдөл. Энэ чухал заалтыг УИХ дэмжсэн. УИХ-д намаа төлөөлж ажиллаж байгаагийн хувьд эмэгтэйчүүдэд ээлтэй хуулийн төслийг батлуулж чадсан гэж үздэг. Одоо тойргийг томсгож бүсчилсэн хэлбэрт оруулах гэж байна. Нэг том тойрогт есөн хүн өрсөлдлөө гэхэд ядаж гурван эмэгтэйг дэмжих болов уу гэсэн горьдлого байна. Хувь хүнийхээ хувьд нэр дэвших эсэхээ одоогоор шийдээгүй байгаа. Ямартай ч хийх ёстой ажлаа хийсэн. Он гарсны дараа нам сонгуульдаа бэлдэх байх. УИХ-ын дэд даргын хувьд олон хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах шаардлагагүй. Харин нэгдмэл байдлыг нь хангахын тулд нэлээн ачаалалтай ажилладаг. Миний хувьд Үндсэн хуульд сонгуулийн холимог системийн тухай заалтыг оруулсан. Энэ бол маш чухал ажил. Зарим хүмүүс ойлгохгүй байсан. Гэхдээ би болон Доржханд гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд тууштай байж чадсан. Өөрчлөлт ч батлагдсан. Мөн миний хувьд хар тамхины асуудалд онцгой анхаарч байна. Монгол Улс нь хар тамхи үйлдвэрлэгч биш. Харин тээвэрлэгч. Тэгэхээр гаднаас орж ирдэг крантыг нь хаахын тулд сүүлийн нэг жилд олон судалгааг хийлээ. Мөн хүнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог, цагдан хорих ангид аваачаад мартдаг алдааг багасгахын тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан. 

Цаашлаад Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль дээр эмэгтэй гишүүдийн хамтаар идэвхтэй ажиллаж өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд хамгааллын байцаагчийг шүгэл үлээгч байхаар тохируулсан. Гэтэл энэ заалтыг журмаар завхруулсан байна. Яаж. Яаж гэвэл хүүхэд хамгааллын байцаагчийг төрийн албан хаагч болгосон. Төрийн албан хаагч юу гэж төрийнхөө эсрэг дуугарах юм бэ. Тиймээс энэ хуулин дээр хүүхэд хамгааллын байцаагч нарыг хараат бус гишүүн болгон зааж өгч байгаа. Бас Гэр бүлийн тухай хуулийн тухайд хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй аавуудыг хариуцлагажуулж байгаа. Монголын эмэгтэйчүүд хүнд нөхцөл байдалд байна. Нөхөр нь салж явсан нь хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй. Өгөхгүй явсаар хүүхэд нь 18 нас хүрэх жишээ их байна. Мөн Өндөр чихрийн агууламжтай ундаанд онцгой татвар ногдуулах хуулийн төслийг батлуулж байгаа. Энэ хууль нь асар өндөр ач холбогдолтой. Хүүхдүүдээс гадна насанд хүрсэн хүмүүс чихэрлэг ундааны хор хөнөөлийг амсаж байгаа. Цаашдаа иргэдийн эрүүл мэнд рүү хандсан олон хуулийн төсөл дээр ажиллана. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:  Ямар ч УИХ-ын гишүүн "Би дэвшинэ" гээд дэвшчихгүй. Манай нам удирдлагын бүтэцтэй, 330 хүний бүрэлдэхүүнтэй бага хуралтай. Бага хурал хуралдана. Удирдах зөвлөл хуралдана. Рейтингийн судалгааг мөн хийнэ. Миний хувьд судалгаа хийлгээгүй байна. Намын шийдвэр гараагүй байхад миний бодол ер чухал биш. Миний хувьд УИХ дахь эмэгтэй бүлгийн ахлагчаар ажилладаг. Бид дөрвөн жилийн хугацаанд 15 хуульд төвлөрч ажилласан. Их үр дүнтэй байна. Харин яг миний тухайд зургаан хуульд бие дааж ажилласан . Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлаад сая байнгын хороогоор хэлэлцлээ. Эцсийн хэлэлцүүлгийг энэ пүрэв гарагт хийнэ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг бол эрүүл мэндийн салбарын суурь хууль. Энгийн үгээр тайлбарлавал, өвдөхөөс өмнө нь урьдчилан сэргийлэх тухай хууль байгаа юм. Одоо бол манай эрүүл мэндийн салбар урвуу яваад байна. Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, эрт илрүүлэгт хамруулах асуудал хойно нь яваад байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын нэг далавчийг хоёр далавчтэй болгох шийдэл энэ хуулиар шийдэгдэнэ. Эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр далавчтай байж сая нэг зөв ажиллана. Манай эмэгтэй гишүүд гурван том зорилгод нэгдэж ажилласан. Нэгд, эмэгтэйчүүдийн улс төр дэхь оролцоог нэмэгдүүлэх. Хоёрт, эмэгтэйчүүдийн нас баралтын голлох шалтгаан болоод буй умайн хүзүүн хорт хавдрыг устгах. Үүнийг бол хийж чадлаа. Тодруулбал, Дархлаажуулалтын тухай хуулинд өөрчлөлт оруулж умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинд  хамруулдаг болгохоор болсон. Ингэснээр энэ төрлийн хорт хавдар устана. Гуравдугаарт, эмэгтэйчүүдийнхээ эдийн засагт оролцох хувь нэмрийг нэмэгдүүлэхэд мөн анхаарч ажиллалаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Налайх, Багануур, Багахангай дүүргийг бүсчлэх асуудал яригдаж байна. Тэгэхээр дэвших эсэх асуудлыг ярихад эрт байна. Хуулийн төсөл дээр тоогоор хөөцөлдөх зарчим, сонирхол байхгүй. Нэгдүгээрт одоо батлагдаж буй хуулийн хэрэгжилтэд анхаарах ёстой. Бүрэн хэрэгжиж, нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч чадаж байна уу гэдэгт анхаарах ёстой. Миний тухайд хэд, хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас стандартын асуудлыг онцолмоор байна. Стандартгүйгээс ажил эзэнгүйдэж, чанаргүйддэг. Үүнээс болж салбар бүр ундуй, сундуй айл шиг болчхоод байна.  Тиймээс стандартыг чухалчилж Стандарт хэмжил зүйн тухай хуулинд өөрчлөлт оруулж байна. Бидний өдөр тутмын амьдралтай холбоотой гол суурь ажилд анхаарч ажилладаг.