Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах, бүс, орон нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хадгалах, иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн “Тогтвортой амьжиргаа” хөтөлбөрийг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хаалт боллоо.
ВИДЕО:
Тус хөтөлбөр нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг бий болгох, иргэд өөрсдөө санаачлан бодит хэрэгцээгээ тодорхойлж, саналаа гарган төсвийн төлөвлөлтөд оролцох тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хэрэгжсэн юм. Хөтөлбөрийг хоёр дахь шатанд буюу 2013 онд Монгол Улс төсвийн тухай хуульдаа “Орон нутгийн хөгжлийн сан”-тай байхаар тусгаснаар иргэд жил бүр тус санхүүжилтээр амьдарч, орчноо сайжруулахын тулд юу хийлгэх саналтай байгаагаа 1-6 сарын хугацаанд өгдөг болоод 10 жил болж байгаа аж.
Энэхүү хөтөлбөрийн гурав дахь үе шат болох “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах , иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Найман жил үргэлжилсэн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн захирал Г.Золбоо ярихдаа “Энэ төслийг 2015 оноос эхлээд 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Гэвч энэ нь хаалт биш шинэ нээлт гэж хэлж болно. Орон нутгийн сангийн үйл ажиллагааг одоо Дэлхийн банкны дэмжлэггүйгээр орон нутаг өөрсдөө аваад явах бүрэн боломжтой болсон. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” нь экологийн, тэнцвэртэй бодлогыг хэрэгжлүүлэх үндэс суурийг орон нутагт тавьсан гэхэд болно. Өнгөрсөн жилүүдэд 1.8 их наяд төгрөг “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулж орон нутагт иргэдийн мэдлийн төсөв болгож зарцуулсан байдаг. Уул уурхайн орлого нэмэгдэхийн хэрээр орон нутгийг хөгжлийн санд хуваарилснаар орлого жил бүр нэмэгдэж байна. 2024 он гэхэд 480 тэрбум төгрөгийг “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулан орон нутгийн иргэд өөрсдөө захирах мэдэлтэй болж байна гэсэн үг” гэв. Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018, 2019 онд 271 дэд төслийг сумдад хэрэгжүүлснээр ОНХС-ийн төлөвлөлтөд болон хяналтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо 2-4 дахин нэмэгдүүлжээ.