Э.Цэндбаатар: Дэлхийн аварга болж, том хаустай болоод бүх бээлийнүүдээ үзвэр болгож тавина /ВИДЕО/

Э.Цэндбаатар: Дэлхийн аварга болж, том хаустай болоод бүх бээлийнүүдээ үзвэр болгож тавина /ВИДЕО/

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын спортод хөл тавьж, багагүй амжилт гаргаад байгаа билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө /2023.12.17/ Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны 2 дахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентийн голлох тулаанчдын нэг Бүгд Найрамдах Доминикан улсын боксчин Йохан Васкестэй тулалдаж, сүүлийн наймдугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн бокст найм, "Boxing Insider" холбоонд дөрөвдөх ялалтаа байгуулсан билээ. Тиймээс бид Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай тус тулааных нь талаар болон бусад сонирхолтой сэдвээр ярилцлаа. 

ВИДЕО: 

-Сайн байна уу Э.Цэндбаатар аа. Мэргэжлийн боксоор үзүүлж буй амжилтад нь баяр хүргэе.

-Баярлалаа. Би хичээж байгаа.

-Саяхан Монголдоо ирээд буцсан байсан. Хаагуур амарч байгаад буцав?

-Би АНУ-д ирээд зургаан сард хоёр тулаан хийсэн. Тэгээд Австралид бас хоёр сар гэрийнхэнтэйгээ байж байгаад Хятадад очиж долоо дахь тулаанаа Азийн аваргын төлөө хийж ялсан. Азийн аваргын дөрвөн бүс аваад байна.Одоо дэлхийн аваргын бүс л авах дутуу байна. Саяхан найм дахь тулаанаа хийж, сайн тамирчныг ялсан.

-Үнэхээр амжилттай явж байгааг нь монголчууд харж, баярлаж байна?

-Надад өөртөө тавьсан зорилго бий. Тэр зорилгынхоо төлөө өдөр бүр бэлтгэлээ хийгээд зүтгэж л байна даа.

-Бүсийн аваргын тэмцээний талаар ярилцъя. Энэ тэмцээнийг төлөвлөж байв уу. Ямар багшийн дор хэрхэн хичээллэж байсан талаар сонирхуулаач?

-Би Монголоос ирэхдээ ард түмнийхээ туслалцаа, дэмжлэгээр ирсэн. Нэг эгч надад хандив цуглуулж зардлын мөнгийг маань олж өгсөн. Би ирээд л шууд том, том мөнгө авдаг юм байх гэж бодсон үгүй юм байна лээ. Ер нь бол багаас нь эхэлж байгаа. Одоо карьераа алдахгүй байж байгаад том том тулаан хийж эхлэх байх. Америкчууд намайг нэлээд судлаад мэддэг таньдаг болсон.

-Хамгийн сүүлийн тулаан дээрээ хүнд цохилтоор ялагдаж үзээгүй тамирчныг нэг цохилтоор ялсан шүү дээ. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцаач. Тухайн тамирчны онцлог ямар байв?

-Тамирчны хувьд ер нь жаахан удаан хөдөлгөөнтэй байсан. Тэр тоглолтын эхний раунд дээр би хүчтэй цохиулсан. Тэр цохилтыг яг өмнө нь зүүдэлж байсан юм шиг санагдаж байсан. Тэгээд багшдаа энэ цохилтыг зүүдэлж байснаа ярихад “дахиад ингэж хар дарсан зүүд зүүдэлж болохгүй шүү” гэсэн. Манай багш бол маш товч болоод тодорхой хүн. Өрсөлдөгч тамирчны алдаа дутагдлыг маш сайн ажигладаг. Надтай маш сайн гар нийлдэг. Мундаг багш байдаг болохоор цаашид энэ багштайгаа хамтран ажиллахаар шийдсэн.

-Одоогоор ямар нэг холбоонд харьяалагдсан байгаа юу. Багш нь ямар улсын хүн байдаг вэ?

-Манай багш өмнө нь Н.Төгсцогт ах дээр ажиллаж байсан багш байгаа. Маш олон дэлхийн аварга төрүүлж байсан. Багштайгаа Жонатон гэдэг туслах дасгалжуулагчаар нь дамжуулан ойлголцдог.

-Сүүлийн тамиртай тулалдахдаа тооцоолол хийсэн үү. Хэдэн раунд тоглоно гэж бодож байсан бэ?

-Бүтэн тоглоно л гэж бодож байсан. Өрсөлдөгчөө огт басаагүй. Тоглолтын үеэр багш маань “өрсөлдөгчөө хар даа тэр маш их ядарсан байна. Цуцсан байна. Цэндээ одоо дуусга” гэж хэлсэн. Тэгээд наймдугаар раунд буюу сүүлийн раундад гэдсэндээ нэлээд хэдэн цохилт авсных нь дараа тавтаж байгаад цохиж дуусгасан. Одоо л би энэ мэргэжлийн бокс гэдэг зүйлийг ойлгож эхэлж байна.

-Ялалт байгуулсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач. Монголчууд бас таны ялалтын мэдээг сэтгэл догдлон хүлээж байсан?

-Ямар ч байсан урдаа тавьсан зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байна. Хамгийн гол нь тоглолтынхоо өмнө өөрийгөө ялсандаа баяртай байгаа. Жин хасах гэхчлэн олон зүйлийг туулсан. Жин хасах амар зүйл биш. Зугтаачихмаар л санагддаг юм байна лээ. Тэгээд 10 хоногийн дотор 12 кг  хассан. Маш хэцүү байсан ч 12 кг жин хасаж өрсөлдөгч тамирчнаа ялсандаа баяртай байна. Яг тоглолтын үеэр намайг ирж дэмжсэн монголчууд маш их байсан. Хөгжөөн дэмжигч гэдэг бол миний хувьд маш чухал. Нэг л өдөр дэлхийн аваргын төлөө тоглохдоо дэмжсэн монголчуудынхаа итгэлийг алдахгүй гэж боддог.

-Тоглолтын дараа жин хассан зургийг нь хараад олон хүн сэтгэл чилээсэн шүү?

-Харин тийм ээ. Тоглолтын дараа "Эрүүл мэндээ бодоорой" гэсэн маш олон хүн байсан. Би ер нь нэг бэлтгэл дээр 3 кг-аас дээш жин хасдаг. Тийм болохоор бэлтгэлийн дараа сэргэх хоол хүнс, витамин их чухал байдаг. Мэргэжлийн боксын ачаалал их байдаг. 

-Дараагийнх нь тэмцээн хэдэн сард болох бол. Мөн л жин хасах асуудал гарах уу?

-Миний менежерээр ажиллаж байгаа "Сэрүүн групп"-ын Булагтамир ах маш сайн ажиллаж байгаа. Бид жилдээ найман тоглолт хийх бодолтой байгаа. Магадгүй таван тоглолтыг дараа Дэлхийн аваргын төлөө тоглож байх. Ер нь бэлтгэлээ сайн хийж, хурдан л аварга болох бодолтой байгаа. Нэгдүгээр сард дараагийн тоглолт хуваарилагдсан. Удахгүй өрсөлдөгч нь тодорно. 

-Одоо бол бэлтгэл сургуулилтаа тасралтгүй л хийж байгаа байх даа?

-Тийм ээ. Өглөө 07 цагаас эхлээд бэлтгэлээ хийж байгаа. Шигшээ багаас гарснаасаа хойш миний нүд онгойсон. Хүсэл, мөрөөдлийнхөө төлөө зүгээр л бэлтгэлээ хийгээд явж байгаа нь аз жаргал юм байна гэдгийг ойлгосон. 

-АНУ-д хэнтэй амьдарч байна. Гэр бүлийнхэнтэй явах бодолтой гэж байсан шүү дээ?

-Би одоо Лос-Анжелест ганцаараа амьдарч байна. 

-Тоглолтын бээлийнүүдээ ер нь яадаг вэ?

-Ялалт авсан найман бээлийгээ хадгалж байгаа. Том хаустай болохоороо бээлийнүүдээ үзвэр болгож тавина гэж боддог. 

-Өмсгөл хувцаснууд нь бас их чамин харагддаг. Цаанаас нь урлаж өгдөг юм уу?

-Миний өмсгөл хувцсыг хийж өгдөг. Би анх Чингис хаан гэдэг нэрээр тоглодог байсан. Харин одоо Цэндбаатар гэдэг нэрээрээ тоглодог болсон. Учир нь Чингис хаан нэрээр тоглож байх үед зарим хүмүүс "Чингис хаан нэрээр тоглож байгаад хожигдов" гээд уурлаад байсан. Тиймээс өөрийнхөө нэрээр л мандъя гэж бодоод нэрээрээ тоглодог болсон. Харин Америк нэр маань Tsendihero. 

-Уучлаарай. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хэрхэн харж байна вэ?

-Энд бол хэтэрхий гоё байна. Ямар ч түгжрэл, стресс, утаа байхгүй. Миний хувьд энд тулаанаас тулааны хооронд л ганцхан бэлтгэлээ хийж байна. Монголд бол бүх л цаг хугацаа, залуу насаа түгжрэлд өнгөрүүлж байна шүү дээ. Үнэхээр хэцүү. Монголд хоёр охиноо амьдруулмааргүй л санагддаг. Тиймээс ч гэр бүлээ АНУ-д авчрах бодолтой байгаа. Хоёр охиноо маш их санаж байна. Сая Монголдоо очоод бэлтгэлээ хийх гэж мөн л түгжрэлд хамаг цагаа барсан. 

-Монголын боксын холбоотойгоо холбоотой байгаа юу. Баярын сэтгэгдлээ илэрхийлж байх юм уу?

-Үеийн тамирчид болон дүү нар бол байнга л баяр хүргэж байдаг. Дараа жил олимп болох гэж байна. Би уг нь дутуугаа гүйцээгээд боломж олдвол олимпод оролцох бодолтой байдаг. Миний гар зөрүүлж, надад ялагдаж байсан дэлхийн аварга, супер одууд олимп, дэлхийн аварга болсон байгааг хараад сэтгэл багтаад байдаг юм. Би эртхэн гарч ирсэн бол гэж харамссан. Үнэндээ миний үеийн тамирчид ч гэсэн  бүгдээрээ гадагшаа гарсан байсан бол дэлхийн аваргууд болоод байгаа тамирчдыг бүгдийг нь зодох хэмжээний чадал, чадвартай. Ер нь энэ бүхэн Монгол хүний цусанд нь байдаг юм шиг байгаа юм.  

Би дүү нартаа хандаж, нэг л үгийг хэлье. Хэрэв чи өөрийгөө аварга болно гэж л бодож байгаа бол эртхэн, залуу дээрээ мэргэжлийн боксын спорт руу хөл тавь гэж хэлмээр байна. Мэргэжлийн бокс бол үнэхээр боломж шүү. Би дүү нартаа гарцыг нь нээж өгч, Дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байгаа. А боломж нь мэргэжлийн бокс бол Б боломж нь олимп. Тиймээс мэргэжлийн бокс гэсэн асар том зах зээлд орж ирнэ гэсэн хүсэлт мөрөөдөлтэй байгаарай гэж хэлмээр байна. 

-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэж байна. АНУ өртөг өндөртэй шүү дээ?

-Өө яах вэ өөрөө болгоод л явж байна. Монголоос вакусны "ХИХ" группын Ганхуяг ах надад сар бүр нэг сая төгрөг өгч байгаа. 

-Нууц биш бол тэмцээнийх нь шагнал, бооцоонууд нь хэр өндөр байдаг юм бол?

-Одоогоор 5 мянган ам.доллароос эхлээд явж л байна. Дэлхийн аваргын төлөө тоглоод аварга болбол санхүү гайгүй болох байхаа л гэж бодож, итгээд явж байна даа. 

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Дэлхийн аварга болоорой гэж хүсэн ерөөе. Чи чаднаа.

-За баярлалаа. Нэг өдөр Дэлхийн аварга болноо. Дэмжиж тусалдаг, итгэл найдвар өгдөг Монголынхоо ард түмэнд баярлаж явдаг. Итгэл найдварыг нь алдахгүй. Би хичээнээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө