Монголд хоккейн “КХЛ” лигийн албан ёсны тоглолт болно

Монголд хоккейн “КХЛ” лигийн албан ёсны тоглолт болно

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдаанаар ирэх онд шайбтай хоккейн албан ёсны нэг тоглолтыг Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд “Континентальная” дээд лигийн хоёр багийн албан ёсны нэг тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтож, тэмцээн болох “Степп арена” ордонтой танилцах зорилгоор “КХЛ” лигийн дэд ерөнхийлөгч Алексей Анисимов, болон Тэмцээний зохион байгуулалт хариуцсан менежер Михаил Грабсон нар манай улсад айлчлав.

“КХЛ”-ийн албаны төлөөлөгчид Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, БТСУХ-ны удирдлагуудтай санал солилцож, монголд болох тус тоглолтыг ирэх оны гуравдугаар сард зохион байгуулахаар тогтлоо. “КХЛ” лигийн хоёр шилдэг багийн тоглолт болохоос гадна өсвөр, залуучуудын дунд мастер класс сургалт зохион байгуулах юм. “КХЛ” лигийн тухайд, 2008 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дөрвөн дивизонд дөрвөн орны 23 багийн дунд жилд нийт 782 тоглолт зохион байгуулдаг байна. Тус лигийн тоглолтыг жилд 20 сая гаруй үзэгч тогтмол ирж үздэг ба албан ёсны сайтаар 234 сая хүний хандалттай статистик мэдээг танилцууллаа.

“КХЛ” лигийн ерөнхийлөгчийн албыг олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Алексей Морозов хашиж байна. Манай улс ирэх онд Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт өвлийн спортын битүү дээвэртэй ордон барих болсон тухайгаа дуулгалаа.