ТОЙМ: Н.Энхбаяр Үндсэн хуулийг өөрчлөх төсөл бичээд элчин сайдын яамдад тарааж, С.Эрдэнэ цахим сонгуульд ялсан гэж Д.Ганбатад тамга биш "батламж" өгөв

ТОЙМ: Н.Энхбаяр Үндсэн хуулийг өөрчлөх төсөл бичээд элчин сайдын яамдад тарааж, С.Эрдэнэ цахим сонгуульд ялсан гэж Д.Ганбатад тамга биш "батламж" өгөв

Шинэ он гарахад ердөө хоёр хоног үлдээд байна. Иймд бид өнгөрч буй 2023 онд Монголын “улс төрөөс явж өгдөггүй өвөө нар”-ын гаргасан инээдэмтэй гэж болох зарим үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-Н.ЭНХБАЯР ҮНДСЭН ХУУЛЬ ЗОХИОЖ, ТҮҮНИЙГЭЭ МОНГОЛД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМДАД ТАРААЧИХСАН БАЙВ-

МАХН-ын дарга асан Н.Энхбаяр энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д “Монгол Улсын ардчилсан тогтолцоог үгүй хийж, социалист Бүгд найрамдах улс болгох” Үндсэн хуулийн төслийг бичээд, тэрхүү төслөө Монгол Улсад суугаа элчин сайдын яамдад хүргүүлээд, тараачихсан үйл явдал болж байв.

Харин Н.Энхбаярын боловсруулсан уг төслийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөгийн түвшинд боловсруулсан байна хэмээн хардаж зарим иргэд ёстой л тэсрэх дөхсөн гэж болно.

Үндсэн хуулийг өөрчлөхөөр Н.Энхбаярын боловсруулсан төсөл

Н.Энхбаяр өөрөө бичээд, элчин сайдын яамдад тараасан Үндсэн хуулийн төсөл гэгчийн 1.1-д “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, нэгдмэл эрх зүйт төр бүхий Бүгд Найрамдах Улс мөн” гэж бичсэн байдаг. Мөн Н.Энхбаяр Үндсэн хуулийн төсөлдөө “Монголын парламент УИХ болоод Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байна. Энэхүү танхимаас бүрдсэн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгоно” гэж оруулсан байдаг. Улмаар “Ерөнхийлөгчийн алба тушаал хашиж байсан хүн өөрөө зөвшөөрвөл түүнийг зургаан жилийн хугацаатайгаар УИХ-ын гишүүнээр томилно” гэж төсөлдөө бичиж байв. Товчхондоо, “Элий балай” түүний төслөөр бол “Н.Энхбаяр өөрөө ямар ч сонголтгүйгээр УИХ-д суудаг байх”-аар зохиол бичиж, түүнийгээ элчин сайдын яамдад тараасан үйл явдал болж байв.

-Ц.ТУВААН, М.ТУЛГАТ НАРТ ТАМГАА ӨГӨӨГҮЙ С.ЭРДЭНЭ АН-ЫН ДАРГААР Д.ГАНБАТЫГ ТОДРУУЛЖ, БАТЛАМЖ ӨГӨВ-

Өөр нэг “улс төрөөс явж өгдөггүй өвөө нар”-ын инээдэмтэй үйлдэл гэвэл С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг хэлж болно. Тухайлбал, Улсын дээд шүүхээс “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй” гэсэн утгатай албан тоотыг гаргасан байтал АН-ын гэрчилгээтэй Х.Баттулга, шинэ тамгатай С.Эрдэнэ нар тус тусдаа өөрсдийгөө “АН-ын дарга” хэмээн нэрлэж сүүлийн 2-3 жил явсан.

Харин энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр тус намын гишүүд УДШ-д хандахтай зэрэгцэн С.Эрдэнэ АН-ын даргыг тодруулах “цахим сонгууль” гэгчийг өөрөө зохион байгуулж, УИХ-ын гишүүн Д.Ганбат цахим сонгуульд ялалт байгуулсан хэмээн зарлаж байв.

Улмаар С.Эрдэнэ АН-ын даргыг тодруулах цахим сонгуульд ялалт байгуулсан гэх Д.Ганбатад тамга биш батламж гардуулж, нийгэмд инээдэм тарьж байв. Харин 35 сая төгрөгийг С.Эрдэнэд төлж цахим сонгуульд нь нэрээ бичүүлсэн Л.Гүндалай “залилуулсан” хэмээн Улсын мөрдөх байцаах газар зэрэгт гомдол гаргаж байв.

С.Эрдэнээс Д.Ганбатад өгсөн батламж. 2023.01 сар

Сонирхолтой нь С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа АН-ын тамга, гэрчилгээг Ц.Туваанд өгсөн ч, дараа нь тус намын тамгыг шинээр хийлгэн авсан байдаг. Мөн АН-ын даргыг тодруулах сунгаа гэгчийг хийж тус намын даргаар М.Тулгатыг тодруулж АН-ын тамгыг түүнд өгсөн ч дараа нь өөрөө буцаагаад авсан гэдэг. Харин энэ онд Д.Ганбатыг АН-ын даргаар тодруулж тамга биш батламж гардуулж байв. Харин С.Эрдэнээс Д.Ганбатад батламж өгсөн энэ оны үйл явдал нь Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэхэд саад хийж, маргаан үүсгэх зорилготой байсан гэж зарим иргэд харддаг.

-АН-ЫН ДАРГААР Л.ГАНТӨМӨРИЙГ БҮРТГЭЖ, ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРЖ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОО 126 БАЙХААР ТОГТОВ-

Үүний дараа АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Иймд удалгүй Х.Баттулга АН-ын гэрчилгээ, С.Эрдэнэ АН-ын тамгыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүлээлгэн өгсөн юм. Мөн Н.Энхбаярын элчин сайдын яамдад тараасан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь түүний өөрийнх нь байр суурь гэдгийг улс төрийн хүрээнд тодотгосон. Харин үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж УИХ-ын гишүүдийн тоо 126 байхаар тогтоож, тэдний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгохоор хуульчилсан юм.