Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж, тус үйлдлийг гаргасан иргэн Б-ын гэр бүлд зөрчлийн хэрэг нээж, 100 мянган төгрөгөөр торгосон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан гэх иргэн М уучлал хүсэжээ. Тэрбээр "Иргэн М..... би өөрийн гаргасан болчимгүй үйлдэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон, Монголынхоо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсэж байна. Он гарахын өмнө сошиал орчинд тухайн үед Ерөнхийлөгчийн мэндчилгээний үеэр зурагтаа унтраа, тогоо хэмнэ, мөн миний гаргасан үйлдэлтэй төстэй зургууд цацагдаж байсныг би хараад тухайн үед юу ч бодолгүйгээр, ямар нэгэн санаа агуулаагүйгээр санаатай бус, ёс бус үйлдэл гаргаж олон нийтийн сүлжээнд уур бухимдал төрүүлсэндээ маш их харамсаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд ямар нэгэн хувийн өс хонзонгийн зүйл байхгүй болно. Би жирийн нэгэн гэр бүл, үр хүүхэдтэй монгол эмэгтэй гэдгээ энд дахин дахин хэлмээр байна. Энэ бичлэг цацагдсанаас хойш би маш их сошиал дайралтад өртөж сэтгэл санааны дарамтад байх болсон. Эцэст нь сошиал орчны нөлөөлөл гэдэг бага насны хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүнд ч сөрөг нөлөөтэй байдгийг маш сайн ойлголоо. Намайг уучлаарай" гэжээ.