Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж, түүнд энэ сарын 04-ны өдөр тавьсан цагдан хорионы хугацаа нь дуусаагүй байхад нь дахин 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2024.01.03/ Зууны мэдээ мэдээллийн төвд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр “Өнөөдөр суллах өдөр нь байсан ч дахин 30 хоногоор сунгачихлаа. Одоо бид эргэлзэж байна. Аргаа бараад хэвлэлийнхэн болон ард түмэндээ хандаж байна. Эгчийг минь шоронгоос гаргаад өгөөч, гадуур шалгаач гэж гуйж байна. Биднийг хангалттай сайн шалгаарай. Одоо бидэнд хар төрж байна. Цагдаа нар ажлынх нь машинд байсан бүх бичиг баримтыг аваад явсан. Өөрөө хэлэхдээ “Тэр бичиг баримтууд асуудалгүй” гэсэн ч дунд нь өөр баримт хийгээд дараа нь хэрэг тохох вий. Тэгэх эсэхийг бид мэдэхгүй, хар төрж айж байна. Өмнө нь сэтгэл хөдлөлөөрөө Хууль зүйн сайд Б.Энхбаярыг хардаж, сэрдсэнд уучлалт гуйж байна. Эгчтэйгээ долоо хоногт хорин минут уулздаг. Уулзахад аав, ээж хоёр хүүгээ асууж “Эгчид нь хийсэн хэрэг байхгүй” л гэж хэлдэг. Одоогоор сэтгэл санааны байдал хүнд биеийн байдал тааруу байнга эм захиж байгаа” гэлээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч “Манайх энгийн нэг малчин айл. Бидэнд мал, малчны зээл л байна.Дүүг минь хорихгүйгээр гадуур шалгаад өгөөч гэж гуйж байна. Бид суллагдах өдрийг үнэхээр их хүлээж байсан. Шүүхийн байгууллага яагаад хуулиа зөрчөөд ингэж байгааг ойлгохгүй байна. Дүүг минь суллахгүй бол бид талбайд жагсана. Дүүгийнхээ төлөө Сүхбаатарын талбайд гарч даарч, өлсөж чадна. Үүнээс өөр бидэнд чадах зүйл үгүй. Дүү минь хүний төлөө л явж байгаад ийм байдалд орлоо” гэсэн юм.
ҮЗЭХ:
Г.ЭНХЗУЛ