Өмнөд Солонгосын жүжигчин И Сун Кюнийг залилж, мөнгө завшсан гэх баарны менежер бүсгүйн царайг ил гаргажээ. Түүнийг залилангийн хэргээр шалгаж байна.
Өнгөрөгч сарын 30-ны өдөр Caracula Crime Lab гэх YouTube сувагт жүжигчин И Сун Кюнийг залилсан гэх эмэгтэйн гурван зургийг нийтэлсэн бөгөөд тус эмэгтэй нь 28 настай жүжигчин асан, өрх толгойлсон Пак Со Жунг гэж мэдэгджээ.Уг нийтлэлд Пак Со Жун нь Ким На Хи гэх эмэгтэйтэй нэг байранд амьдардаг болохыг мэдээлжээ. Тэднийг талийгаач И Сун Кюнаас 350 сая вон авсан хэргээр шалгаж байгаа юм.
Ким На Хи нь Пак Со Жунийг танихгүй гэж мэдэгдсэн ч тэд өмнө нь шоронд танилцсан гэх мэдээлэл байна. Улмаар шоронгоос суллагдсаны дараа нэг байранд хөрш болжээ.
Мөн Пак Со Жун нь 20-30 насны залуусын хэрэглэдэг танилцах программыг ашиглан эрчүүдтэй танилцан болзож, бэлгийн харьцаанд орсныхоо дараа жирэмсэн болсон тухайгаа мэдэгдэж, хүүхдийн тэтгэлэг авахыг шаарддаг байжээ. Тэрээр 2023 оны нэгдүгээр сард хүүхэдтэй болсон бөгөөд хүүхдийн төрсөн эцгээс төдийгүй уг аппликейшнээр дамжуулан танилцсан бусад хүмүүсээс тэтгэлэг нэхэмжилсэн байжээ. Тэтгэлэг нэхэмжлэл нь хэдэн сарын турш үргэлжилсэн бөгөөд таван эрэгтэй хохирогч болсон гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч залуусын нэг нь эцэг тогтоох шинжилгээ хийлгэн түүнийг худал хэлж залилан мөнгө нэхэмжилсэн хэргээр шүүхэд өгчээ.
Г.ЭНХЗУЛ