30 жилийн авлигатай тэмцсэн ГУРВАН жил!

30 жилийн авлигатай тэмцсэн ГУРВАН жил!

Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. /Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс/

Монгол Улсын хүн амын тоо 2023 онд 3.5 сая хүрсэн. Үүний хоёр хувь нь чинээлэг, үлдсэн гурван хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 30 хувь нь нэн ядуу тодотголтой амьдарч байна. Өнгөрсөн 30 жилд  улстөрчдийн таргалсан-иргэдийн турсан яг тэнцэнэ. Үүний нэг жишээ нь гэвэл Улаанбаатарын утаа. Улаанбаатарын утаа улстөр-бизнесийн бүлэглэлийн халаасыг зузаалж, “улны иргэд”-ийн уй гашуу нь болж хувирсан байна.

Нэг хэсэг нь байгалийн баялгаас сохор зоосны хүртээлгүй байхад нөгөө хэсэг арваар нь орд газрын лиценз эзэмшиж иржээ. Өнгөрсөн хугацаанд нийт 6.1 сая га газарт ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Үүнээс 4.3 сая га газарт хайгуулын 885 лиценз, 1.8 сая га газарт ашиглалтын 1,713 лицензийг олгожээ. Хамгийн олон лиценз эзэмшдэг 15 хүн нь ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг, “Гацуурт”-ын Л.Чинбат, “МАК”, “Эрэл” зэрэг орж байна.

Задарсныг засагласан нь!

Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг хоёр хэн, хэндээ ямар өр, авлагатайг мэдэхгүй. Ямар ч байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед “сахал” Д.Эрдэнэбилэг Монголын байгалийн баялагт эзэн суусан нь үнэн.

Ямар сайндаа л хорон үгтэйгээрээ Ц.Нямдорж “эзнээ хараад үхэх юмсан” гэж эгдүүцэх билээ. Бор-Өндөр, Багануурын нүүрсний уурхайгээд Монголын өнгөтэй өөдтэй ордуудыг өмчлөөд авчихсан сахал хочит Д.Эрдэнэбилэг саяхныг хүртэл улсын нууц “эзэн” байлаа шүү дээ. Нэмээд түүний халаасанд хоёр банк орсон нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк. Нэг ёсондоо Монголын эдийн засаг, монголчуудын амьдрал бүхэлдээ Д.Эрдэнэбилэг гэж хүний халаасанд байсан гэсэн үг.

Д.Эрдэнэбилэгийн халаасанд хууль бусаар орсон өмч хөрөнгө болох “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Дарханы хар төмөрлөг”, “Хөтөлийн цемент шохой зэргийг Монголын төр буцааж авахад Л.Оюун-Эрдэнийн оролцоо, дэмжлэг багагүй байлаа.

“Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг худалдан авахад “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу эрх олгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Харин одоо Монголын шүүх өргөсөн тангарагтаа үнэнч үү, өнгө мөнгөнд үйлчлэх үү гэдгийг харах л үлдлээ.

Хөгжлийн банк дампуурлаас мултарсан нь!

Хөгжлийн банкны нийт актив болох 3.2 их наяд төгрөгийн 55.4 хувь буюу 1.6 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтаж, Монгол Улс дефольт зарлах дээрээ тулсан талаар хоёр жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард зарлаж байлаа.

2014-2019 онд Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй 26 компанийг шүүхэд өгсний нэг нь мөнөөх “эзэн”-ийн компани байлаа. “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэрээний дагуу 2018 оны арванхоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан ч “Кью Эс Си” ХХК үүргээ биелүүлээгүй тул 200 гаруй тэрбум төгрөг гаргуулахаар Хөгжлийн банк шүүхэд хандсан байдаг.

Улаанбаатар чуулгаас, улс даяар шууд дамжуулсан Хөгжлийн банкны тоносон хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдсон бөгөөд Эрүүгийн хэргийн шүүхээс 32 хүнийг яллагдагч хэмээн гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэсэн.

Гэх мэтчилэн өнгөрсөн 30 жилийн авлига, хулгайн эсрэг тэмцсэн ГУРВАН жилийн үр дүнд 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдуулсан. Нэг ёсондоо, дампуурлаа зарлах дээрээ тулж явсан Монгол Улсын эдийн засаг ШИНЭЭР СЭРГЭЖ байна.

Б.ТОРОЙ