Залуучуудын IV өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо энэ сарын 19-нд нээлтээ хийнэ.
Тус олимпын тамирчдын тосгон албан ёсоор нээгдэж, эхний ээлжийн тамирчдаа хүлээн авчээ. Ази тивд анх удаа зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог энэ удаагийн залуучуудын олимп нь "Пёнчан 2018" өвлийн олимп болсон заал танхим, материаллаг баазыг дахин ашиглаж байгаа юм. Мөн Канвон хотын Вонжү Үндэсний Их Сургуулийн оюутны дотуур байрыг тамирчдын байрлах үндсэн хотхон болгон ашиглаж байна.
Нийт 80 улсын 950 эрэгтэй, 950 эмэгтэй тамирчин, дасгалжуулагч, албаны хүн, Олон Улсын Олимпын Хороо(ОУОХ) -ны гишүүд, хэвлэл мэдээлэл, сайн дурын ажилтан гээд 15 мянган оролцогч энэ хотхонд байрлана. Зарим тамирчин Чонсонь хот дахь цанын нэгдүгээр баазад байх тамирчдын тосгонд байрлах юм.