Ичиножёогийн А.Ичинноровын зодог тайлах ёслол ирэх сард болно

Ичиножёогийн А.Ичинноровын зодог тайлах ёслол ирэх сард болно

Японы мэргэжлийн сумод үлэмж биеэрээ танил болсон сэкивакэ асан Ичиножёо А.Ичинноров өнгөрсөн оны тавдугаар сард зодог тайлахаа зарласан билээ. Нурууны архаг гэмтлийн улмаас 30 насандаа сүмог орхисон тэрбээр 2014 онд карьераа эхлүүлж тухайн жилийнхээ арваннэгдүгээр сард сэкивакэ цолд хүрч байлаа.

Нийт 55 башёд барилдахдаа 408 давж, 328 унасан юм. А.Ичинноров дээд зиндаанд нэг, жюүрёод хоёр удаа түрүүлж, зургаан тусгай шагнал хүртсэнээс гадна өдгөө барилдаж буй сумочдоос хамгийн их буюу есөн кинбоши шагнал гардсан байдаг. Тэгвэл түүний зодог тайлах ёслол ирэх сарын 11-нд Токио хотод болох тов гарсан. Дохёгоо орхиод есөн сарын дараа ёслолоо хийх гэж буй Ичиножёо “Киришима, Хоошёорюү хоёрыг озэки болж байхад би байгаагүй. Шинэ бөхчүүд дээш гараад ирсэн нь үзэгч, бөх сонирхогчдын хувьд сайн хэрэг. 20 настай залуус тодорч байгаа учир хэрэв би барилдаж байсан бол ахмад бөхийн тоонд орох байж. Би одоо “Минато” дэвжээнийхээ бөхчүүдийн барилдааныг илүү үздэг болсон” гэж ярьжээ.