"Канвон-2024" олимпын уулын цанын слалом төрөлд М.Манлайжав 39, Х.Халиун 43-т орлоо

"Канвон-2024" олимпын уулын цанын слалом төрөлд М.Манлайжав 39, Х.Халиун 43-т орлоо

"Канвон-2024" олимпын уулын цанын слалом төрлийн уралдаан өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн слаломд 78 тамирчин уралдсанаас Австрийн М.Варошиц хоёр гарааны нийлбэрээр 1:37.49 амжилт үзүүлэн алтан медаль хүртэв. Хоёр, гуравдугаар байрт Германы Ш.Грандинжер (1:38.08), Италийн Ж.Колломб (1:38.46) нар орсон юм. Колломбын хувьд энэ олимпоос гурав дахь медалиа авчээ.

Шведийн А.Хедин эхний гарааны дараа аман хүзүүнд явж байсан ч хоёр дахь гараандаа алдаа гарган хасагдсанаар хоосон хоцров. Энэ өдөр цаг агаар хэдий тогтуун ч Олимпын зам мөс ихтэй байсан нь хүндрэл учруулж, маш олон залуу тамирчид замаа дуусгаж чадалгүй хасагдав.

Манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:50.60 минутын үзүүлэлтээр 78 тамирчнаас 43-торлоо. Тэрбээр өмнө нь жиант слаломын төрөлд 42-т жагссан билээ. Эрэгтэйчүүдийн слаломын төрөлд 78 тамирчин уралдахад Их Британийн З.Кэррик-Смит 1:38.61 минутаар түрүүлж, "Канвон-2024" олимпын хоёр дахь медалиа авав. Тэрбээр өчигдөр жиант слаломын төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ төрөлд уралдсан манай тамирчин М.Манлайжав хоёр гараагаа алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:29.56 үзүүлэлтээр 39-р байрт орлоо.

Үүгээр манай уулын цаначдын тэмцээн өндөрлөж байна. Монголын багийн хувьд ирэх гурав хоног тэмцээн уралдаангүй бөгөөд 29-нөөс гүйлтийн цанын тамирчдын тэмцээн эхэлнэ.