Ц.Тувааны санаачилсан "Өвлийн морин уралдааныг сэргээх" хуулийн төслийг УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан эсэргүүцэж мэдээлэл хийв

Ц.Тувааны санаачилсан "Өвлийн морин уралдааныг сэргээх" хуулийн төслийг УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан эсэргүүцэж мэдээлэл хийв

УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, Цагаан сарын баярын дараа "нэмэх хэмтэй дулаан өдөр тохиовол хаврын морин уралдааныг зохион байгуулдаг байх" өөрчлөлтийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар санаачилсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нарын санаачилсан дээрх хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн асан, нэг намын нөхөр болох Г.Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "1996 оноос хойш 50 гаруй хүүхэд өвөл, хаврын морин уралдаанд амь насаа алдсан. Гэтэл өнөөдөр зарим гишүүд өвөл, хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг санаачлаад явж байна. Энэ гишүүдийг "хүүхдэд ээлгүй" гэж нэрлээд олон улсын байгууллагад өгнө. Угтаа бол Засгийн газраас өвөл, хаврын морин уралдааныг хориглосон тогтоол, шийдвэрийг гаргасан. Гэтэл уяачид энэ тогтоол, шийдвэрийг зөрчиж Дүнжингарав уралдааныг удаа дараа зохион байгуулж ирсэн. Энэ жил ч "Топ Дүнжингарав" нэрээр уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ уралдааныг хориглох ёстой, зохион байгуулж болохгүй" гэлээ. Ташрамд дурдахад, Г.Баярсайхан нь нэгэн цагт Ц.Тувааны сонгуулийн менежерээр ажиллаж байсан юм.