ШУУРХАЙ: "Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарын хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

ШУУРХАЙ: "Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарын хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

"Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав нар нь бүлэглэн "Симба" Ц.Батааг хулгайлж, 100 орчим сая төгрөгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаад хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр "Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар хамтран УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаагийн орон байранд нь нэвтэрч, улмаар хулгайлж, Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьсон байдаг. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн байгууллагаас У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарын үйлдсэн уг гэмт хэргийг хүн хулгайлах, хүнийг хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байсан юм.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө