Б.Сүхбат Бакугийн “Их дуулга”-д барилдана

Б.Сүхбат Бакугийн “Их дуулга”-д барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн Бакугийн “Их дуулга”-аар үргэлжилнэ. Тус тэмцээн энэ сарын 16-нд эхлэх бөгөөд 64 орны 410 жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Эрэгтэйчүүдийн долоон жинд 29-40, эмэгтэйчүүдийн долоон жинд 21-33 тамирчин өрсөлдөхөөр болсон байна.

Олимпын жилд болж буй тус тэмцээнд 10-аас дээш тамирчны бүрэлдэхүүнтэй 13 орон байгаа юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат өрсөлдөхөөр Бакуг зорьжээ.

Өдгөө 23 настай тэрбээр хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Варшавын нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Харин өнгөрсөн жил Линз болон Альмадагийн гранпри, Тель Авивын “Их дуулга”-д эх орноо төлөөлөн оролцож байв.