ШУУРХАЙ: А.Гансүхэд хүндэвтэр хохирол учруулсан гэх С.Ихбаярт "торгох ялтай" шийтгэл оногдуулахаар шүүхэд ирүүлсэн ч, хэргийг прокурорт буцаажээ

ШУУРХАЙ: А.Гансүхэд хүндэвтэр хохирол учруулсан гэх С.Ихбаярт "торгох ялтай" шийтгэл оногдуулахаар шүүхэд ирүүлсэн ч, хэргийг прокурорт буцаажээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сар /2023.11/-д шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Харин уг хэргийг өчигдөр /2024.02.21/ өдөр шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн биед халдсан гэх С.Ихбаярт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэсэн хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Гансүхийн биед халдаж, хүндэвтэр хохирол учруулсан гэх С.Ихбаяр нь буддын шашны лам хүн байж магадгүй гэх мэдээлэл байдаг юм. 

Тэгвэл "Эрүүгийн тухай"  хуулийн 11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  1-д "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.