Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өдгөө Мияагино дэвжээнд багшилж буй. Харин тус дэвжээнд харьяалагддаг 22 настай Хокүсэйхо буюу н.Даваанинж дэвжээнийхээ доод зиндааны бөхчүүдэд удаа дараа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэсэн мэдээлэл Японы хэвлэлүүдээр гарчээ.
Тус зөрчилтэй холбогдуулан Японы сүмо бөхийн холбоо Хокүсэйхо буюу н.Даваанинжийн харьяалагддаг дэвжээний багш Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалд “цол бууруулах” торгууль ногдуулах талаар хэлэлцсэн байна. Ингэснээр Японы сүмо бөхийн ертөнцөд нийт 45 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон их аварга Хакүхо М.Даваажаргал “багш нарынхаа дунд хамгийн бага цолтой нь” болж болзошгүй байна.
Үүнээс гадна Японы сүмо бөхийн холбооны Удирдах зөвлөл яаралтай хурал хийж монгол гаралтай Хокүсэйхо буюу н.Даваанинжийг зодог тайлах тухай зөвлөмжийг хэлэлцэх юм байна. Цол бууруулах нь Японы сүмо бөхийн холбооноос ногдуулдаг хамгийн хүнд шийтгэлүүдийн гуравт ордог бөгөөд ажлаас халах, тэтгэвэрт гарахыг санал болгосны дараа ордог байна. Өчигдөр болсон тус холбооны уулзалтанд Хакүхо М.Даваажаргал, Хокүсэйхо буюу н.Даваанинж нар хамт байлцсан бөгөөд Хокүсэйхо зодог тайлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол М.Даваажаргал тус хүчирхийллийн талаар мэдээгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.