“Хөрөнгө хураах хууль” гэж попорч, “долоон буудлын Должин эмээ”-ийн мэдлэгт тааруулж улс төржихийн оронд төрийн өмчийг цөөлж, төсвөө танаж, авилгатай тэмц улстөрчид өө!

“Хөрөнгө хураах хууль” гэж попорч, “долоон буудлын Должин эмээ”-ийн мэдлэгт тааруулж улс төржихийн оронд төрийн өмчийг цөөлж, төсвөө танаж, авилгатай тэмц улстөрчид өө!

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулсан. Засгийн газар уг төслийг 2025 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлж байв. Гэвч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй, өргөн мэдүүлснээс хойш 540 хоног өнгөрсөн гэсэн үг.

Тиймээс О.Алтангэрэл энэ намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, талбай дээр гарч тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. Үүнтэй зэрэгцэн иргэн Б.Болдбаатар хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хөрөнгийг хураах, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноох тухай нийтийн өргөдөл санаачилсан. Тус өргөдөлд арваннэгдүгээр сарын 8-ны байдлаар 100 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Тодруулбал, 100.126 хүний дэмжлэг авсан байна.

ВИДЕО:

Өөрөөр хэлбэл, энэ асуудал өнгөрсөн хавраас эхлэн эрчимтэй яригдаж, намрын сүүлтэй золголоо. Улстөрч нь хууль санаачилж, иргэн нь гарын үсэг цуглуулж, олон нийт ч авлигын эсрэг хатуу арга хэмжээ шаардаж байна. Мэдээж нийтийн албан тушаалтнуудын хууль бус хөрөнгийг илрүүлж, хураан авах нь зөв. Төрийн албан тушаалаа ашиглан хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсад энэ төрлийн үйлдлийг хориглосон, хууль бус хөрөнгийг хураах зохицуулалт огт байхгүй юм шиг ойлгуулж болохгүй. Төрийн түшээд улс төр хийх шаардлага бий ч үндэсний эв нэгдлийг хадгалах учиртай хүмүүс.

"АВЛИГЫН БОЛОН ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХУУЛЬ БУС ОРЛОГЫГ ХУРААЖ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ БОЛОМЖТОЙ"

Учир нь манайд энэ асуудлыг зохицуулсан хууль бий. Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин, орлогоосоо давсан хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцохоор заасан. Мөн тус хуулийн 33.2-т ийм үйлдэл гаргасан этгээдийн олсон хөрөнгө, орлогыг шүүх хураах зохицуулалт бий. Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд ч үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг гэмт хэрэгт тооцдог.

Үүнийг зүгээр нэг хууль дээр бичсэн заалт гэж ойлгож болохгүй. Бодит амьдрал дээр хэрэгжсэн жишээ ч бий. Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас нэгэн нийтийн албан тушаалтны “Toyota Lexus RX-450” автомашин худалдан авахад зарцуулсан 45 сая төгрөгийн эх үүсвэрийг шалгасан. Тухайн албан тушаалтан мөнгийг хууль ёсны орлогоор олсноо тайлбарлаж чадаагүй байна. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй ч Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйлдэлд хамаарчээ. Улмаар АТГ-аас 45 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хууль бус хөрөнгийг хураахын тулд заавал шинэ хууль батлах шаардлагатай гэсэн үг биш. Одоо байгаа хуулиар ч тодорхой нөхцөлд хөрөнгийг хураах боломжтой.

Харин О.Алтангэрэл гишүүн “Миний хуулийг хэлэлцэхгүй байна” гэж гомдоллож, популист мэдэгдэл хийхийн оронд авлига гараад буй шалтгааныг хэрхэн арилгах талаар ярих учиртай. Ерөнхий сайд Н.Учрал ч хууль бус хөрөнгийг хураах тухай шинэ хууль батална гэж амлахын оронд данхар төрөө хэрхэн цомхотгохоо ярих ёстой байлаа.

ВИДЕО:

Магадгүй тэдний үг долоон буудлын Дондогт таалагдаж болно. Харин бодлогын үр дүн хүлээж буй чимээгүй олонхын хувьд энэ бүхэн инээдтэй сонсогдож байгаа биз.

"О.АЛТАНГЭРЭЛ АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ, ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХЫН ТӨЛӨӨ ТУУШТАЙ АЖИЛЛАДАГ УЛСТӨРЧИЙН ДҮР ТӨРХИЙГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙЖ МАГАДГҮЙ"

Ажиглахад, УИХ-ын гишүүн бүр өөрийн нэртэй холбох нэг хууль, нэг сэдэв, нэг брэнд бий болгохыг хичээж байна. Нэг нь хүүхдийн эрх, нөгөө нь татвар, өөр нэг нь авлигын асуудлыг өөрийн гол сэдэв болгоно. Түүний нэг нь О.Алтангэрэл. Тэрээр авлигатай тэмцдэг, хууль бус хөрөнгийг хураахын төлөө тэмцдэг улстөрчийн дүр төрхийг бүрдүүлэхийг хичээж байна. Гэвч авлигатай тэмцэгчийн дүр бүтээх, авлигатай бодитоор тэмцэх хоёр өөр зүйл.

"АВЛИГЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ДАНХАР ТӨРӨӨ ЦӨӨЛӨХӨӨС ЭХЛЭХ ЁСТОЙ"

Авлигыг зөвхөн хууль батлаад шийдчихгүй. Төр өөрөө бизнес эрхэлж, зах зээлд оролцож, худалдан авалт, тендер, зөвшөөрөл бүрээрээ хувийн хэвшилтэй харилцаж байгаа нөхцөлд албан тушаалын эрх мэдлээ ашиглан ашиг олох сонирхол арилахгүй. Төрийн оролцоо, хүнд суртал, хяналтгүй зарцуулалт их байх тусам авлига үүсэх боломж ч нэмэгдэнэ. Тиймээс авлигатай тэмцэх тухай ярьж байгаа бол зөвхөн шинэ хууль санаачлах, талбай дээр гарч тэмцэх тухай бус, авлига үүсэх нөхцөлийг хэрхэн багасгах талаар ярих хэрэгтэй.

Энд Аргентины жишээг дурдъя. Тус улсын Ерөнхийлөгч Хавьер Милей 2023 оны арванхоёрдугаар сард засгийн эрхэнд гарсныхаа дараа төрийн бүтцийг эрс цомхотгох бодлого хэрэгжүүлсэн. Засгийн газрын яамдын тоог 18-аас 9 болгон бууруулж, төрийн олон агентлаг, газар, нэгжийг татан буулгаж, нэгтгэсэн. Мөн төрийн албан хаагчдын орон тоог цөөлж, татаас болон төсвийн зардлыг танаж байв. Үүний зэрэгцээ төсвийн зардлыг танаж, төсвийн алдагдлыг арилгах бодлого хэрэгжүүлсэн. Энэ бодлогын хамгийн анхаарал татах үр дүнгийн нэг нь инфляцын бууралт байв. Милей засгийн эрхэнд гарах үед буюу 2023 оны арванхоёрдугаар сард сарын инфляц 25.5 хувьтай байлаа. Харин 2025 оны хоёрдугаар сард 2.4 хувь болж буурсан. 

Мэдээж инфляц буурсан нь зөвхөн төрийн байгууллагыг цөөлсний үр дүн биш. Төсвийн алдагдлыг бууруулах, мөнгөний бодлогыг чангатгах, төрийн зардлыг танах, зах зээлийн үнийн зохицуулалтыг өөрчлөх зэрэг олон арга хэмжээ хамт хэрэгжсэн. Аргентины жишээ нэг зүйлийг харуулж байна. Төрийн бүтцийг цомхотгож, үр ашиггүй зардлыг танаж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах замаар томоохон өөрчлөлт хийх боломжтой. Монгол Улсад ч авлигыг бууруулахын тулд хууль батлахын зэрэгцээ төрийн бүтцээ цомхотгох, хүнд суртлыг багасгах, төрийн өмчит компаниудын үр ашиггүй ажиллагааг зогсоох, хувьчлах, төсвийн зарцуулалтад хяналт тавих шаардлагатай.

Гэхдээ өнөөдөр Н.Учрал, О.Алтангэрэл үүнийг мэдэхгүй дээ популизм хийж байгаа юм биш. Зөвхөн олон нийтэд таалагдах гэж л энэ тухай ярьж байна. Эцэст нь хэлэхэд, сонгууль дөхөж байгаа энэ үед авлигатай тэмцэнэ гэж мэдэгдэж, олон нийтэд таалагдах амлалт өгөх амархан. Харин төрд ажиллаж байхдаа бодит үр дүн гаргаж, байгаа хуулиа хэрэгжүүлсэн эсэхээ тайлагнах нь улстөрчдийн жинхэнэ хариуцлага юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө