Ханиадны сиропоос болж Узбекистанд 68 хүүхэд нас барсан хэрэгт 23 хүнд ял оноожээ

Ханиадны сиропоос болж Узбекистанд 68 хүүхэд нас барсан хэрэгт 23 хүнд ял оноожээ

Өнгөрсөн нэгдүгээр сард ханиадны сироп уусан 68 хүүхэд нас барсан хэрэг Узбекистанд гарсан. Энэ хэрэг гарсны дараа ДЭМБ “Marion Biotech” гэх Энэтхэг компаний үйлдвэрлэсэн “Ambronol болон Dok-1 Max” гэх ханиалганы сиропыг чанар, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдөр уг хэрэгт холбогдуулан нийт 23 хүнд 2-20 жил хүртэлх ял оноожээ. Яллагдагч нарыг татвараас зайлсхийсэн, стандартын шаардлага хангаагүй буюу хуурамч эм худалдсан, албан тушаалаа урвуулан ашигласан, хайнга хандсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Дээрх чанарын шаардлага хангаагүй сиропуудыг Узбекистан дахь “Quramax Medical”компани Энэтхэгийн “Marion Biotech” компаниас импортлон оруулж ирж, худалдаалжээ. Тус улсын шүүх хамгийн урт буюу 20 жилийн хорих ялыг “Quramax Medical” компанийн гүйцэтгэх захирал Сингх Рагвендра Пратарт оногдуулжээ. Мөн импортын эмийн лицензийг хариуцаж байсан өндөр албан тушаалтнуудад урт хугацааны ял оноосон гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.