Маргааш болох А.Навальныйгийн оршуулах ёслолын үеэр үймээн шуугиан дэгдэж болзошгүй гэж Оросын эрх баригчид анхааруулжээ

Маргааш болох А.Навальныйгийн оршуулах ёслолын үеэр үймээн шуугиан дэгдэж болзошгүй гэж Оросын эрх баригчид анхааруулжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный тус улсын шоронд хоригдож байгаад энэ сарын 16 /2024.02.16/-ны өдөр учир битүүлгээр нас барсан. Түүнээс хойш талийгаачийн цогцсыг ар гэрт нь хүлээлгэж өгөх, нас барсан шалтгааны тогтоох зэрэг ажлуудыг ОХУ-ын удирдах хүмүүсийн зүгээс хойшлуулсаар байсан юм.

Тэгвэл маргааш буюу баасан гарагт Навальныйг Москва хотын Борисовын оршуулгын газарт оршуулахаар болжээ. Эхлээд түүнтэй салах ёсыг “Марьино” дүүргийн сүмд үйлдэх аж. Өнгөрсөн мягмар гарагт талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “оршуулгын ёслол хийх газар олоход их хүндрэлтэй байлаа. Ихэнх нь Навальный гэх нэрийг сонсоод татгалзаж, бидэнтэй хамтарч ажиллаж болохгүй гэсэн чиглэл дээрээс авснаа хэлсэн” гэж мэдэгджээ.

Мөн маргааш болох оршуулгын ёслолын үеэр үймээн самуун дэгдэхээс болгоомжилж, санаа зовниж байгаа талаар гэр бүлийнхэн нь ярьсан байна. Улстөрчийг нас барсны маргааш түүнд хүндэтгэл үзүүлсэн хэдэн зуун хүнийг Оросын цагдаа нар баривчилж байсан бөгөөд оршуулгын ёслол ямар нөхцөл байдалд болох нь тодорхойгүй байгаа юм.