ШУУРХАЙ: Талийгаач Д.Жигжиднямаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүү Ж.Гарьдыг нь яллагдагчаар татжээ

ШУУРХАЙ: Талийгаач Д.Жигжиднямаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүү Ж.Гарьдыг нь яллагдагчаар татжээ

Өвчний улмаас 2021 оны долдугаар сар /2021.07/-д таалал төгссөн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл талийгаач Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокуророос "Хэрэгт холбогдсон этгээд нь нас барсан" гэх шалтгаанаар үйлдэл холбогдолыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин түүний хүү Ж.Гарьдийг мөнгө угаах,  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татаж, улмаар түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч нэгдүгээр сарын 19 /2024.01.19/-ны өдөр хэлэлцсэн байна.

Шүүхээс уг хэргийг хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Жигжиднямаагийн Гарьдын өмгөөлөгч Н.Нарантуяа, А.Энхтүвшин нараас "Ж.Гарьдыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, яллагдагчаар татсан прокурорын тогтоолд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй" хэмээн шүүхэд мэдүүлсэн байна. Энэ дагуу шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн аж. Харин уг шийдвэр өдгөө прокурор эсэргүүцэл бичээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдыг Монгол Улсын хилээр гарахыг хориглох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм байна.    

Нийслэлийн прокурорын газраас Жигжиднямаагийн Гарьдад Эрүүгийн хуулийн 18.6.1 /мөнгө угаах/, 22.1.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ -дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. "Эрүүгийн тухай" хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах 1-д "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мөн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 1-д "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.